Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.12.07) болж, шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн захиалгын дагуу хоёр шүүгч сэлгэн ажиллах хүсэлтээ ирүүлснийг хэлэлцэв. Улмаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчийг тус шүүхэд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

       Дараа нь “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөлт, цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжтэй танилцав. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголын шүүгчдийн холбоотой хамтран шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган батлуулж, шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох чиг үүргийн хороонд даалгалаа.

       Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцагчаар татагдан оролцож байгаа иргэн, захиргааны хэргийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсаны дагуу гэм хор, хохирол, төлбөртэй холбоотой санхүүгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр  тогтов.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс