Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголын шүүгчдийн холбоотой хамтран шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллийг оролцуулан “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөлт, цаашид анхаарах асуудал” сэдвээр хэлэлцлээ.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, шийдвэрлэхтэй холбоотой эрх бүхий субъектүүд уулзаж, санал бодлоо хуваалцах, чөлөөтэй ярилцахаар эртнээс төлөвлөсний үндсэнд өнөөдөр зохион байгуулж байна. Сэдвийн дагуу тал бүрээс мэдээллээ солилцож, асуудал, гарц гаргалгаа дэвшүүлэн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүгчийн хараат бус байдлыг хангахад дэвшил гарна хэмээн харж байгаа. Хэлэлцүүлгийг илүү өргөжүүлэн, давтамжтай зохион байгуулна. Тиймээс өнөөдөр гарсан санал, санаачилга дараагийн хэлэлцүүлгээр яригдах асуудлын суурь, анхны алхмыг амжилттай тавина гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

 

       Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нар удирдан явууллаа.

 

  

 

      Урилгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл танхимаар болон цахимаар, Монголын шүүгчдийн холбооны Ажлын албаны төлөөлөл, Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах прокурор Д.Дагвасүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Н.Отгонцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил, арга зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа Э.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил, арга зүйн хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Нансалмаа нар хүрэлцэн ирж оролцов.

 

  

 

      Хөтөлбөрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөлт, шийдвэрлэлтэд хийсэн мониторинг” сэдвээр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Нөлөөллийн мэдүүлгийг үндэслэн шалган шийдвэрлэх ажиллагаанд үүсэж буй асуудал, санал” сэдвээр тус тус танилцуулга мэдээлэл хүргэсэн юм.

 

 

 

       Оролцогч нар шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлэх хуулийн процессыг боловсронгуй болгох, нэгдмэл байдлыг тогтоох, шүүх шууд харьяалан шийдвэрлэдэг байх, Ерөнхий зөвлөлийн эрх хэмжээ, хуралдаанаас гарах шийдвэрийг өргөжүүлэх, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон нөлөөллийн мэдүүлгийг хянан шийдвэрлэдэг холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй зэрэг саналууд гарч байлаа.

 

 

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөлт, шийдвэрлэлтийн эрх зүйн орчин, практикийг судлан нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх, үр нөлөөг сайжруулах, тулгамдаж буй  талаар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн санал дүгнэлтэд хүрлээ.

 

Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба

Хэвлэл мэдээллийн хэлтэс