Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.11.30) болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 33, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 9, нийт 42 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

       Шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системийг (https://selection.judges.mn/) 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэх сонгон шалгаруулалтад ашиглахыг зөвшөөрснөөр шинэ систем ашиглалтад орж байгаа юм.

       Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс тус тус ирүүлсэн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

      Э.Оюун-Эрдэнийг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Э.Лхагватөмөрийг шүүхийн Тамгын газрын даргын сул орон тоо нөхөх хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

       Нэр бүхий  шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэв.

      Мөн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 онд худалдан авах төлөвлөгөөтэй танилцаж, тодорхой саналуудыг тусган дэмжлээ.

      Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг батлав.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс