Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүгчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Шүүхийн мэдээ, мэдээллийг олон нийтэд үр дүнтэй, шуурхай хүргэх нь” сургалтыг өнөөдөр (2023.11.28) Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулж байна. Сургалтад нийслэл дэх шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн, Үйлчилгээний хэлтсийн дарга нар танхимаар, орон нутаг дахь шүүхүүд цахимаар оролцож байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Наранчимэг нар нээлтэд оролцон, сургалтын зорилго, ач холбогдлыг дурдаад суралцагчдад амжилт хүслээ.
Сургалтаар “Байгууллагын имиж бүрдүүлэх хүчин зүйлс, байгууллагын мэдээллийн харилцааны бүрдэл хэсгүүд” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Мөнгөнзаяа, Шүүхийн шийдвэрийн хураангуй онцлогийн талаар Шүүхийн Сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүйн секторын судлаач З.Янжинлхам, “Мэдээллийн кибер аюулгүй байдлыг хангах” талаар УДШ-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн Н.Энхтөр нар тус тус хичээл заана. Мөн олон нийтийн санаа бодол ба сошиал медиа, хялбар байдлаар зурагт хуудас бэлтгэх, подкаст хийх аргыг дасгал ажлаар заах юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс