“Шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын систем”-ийн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 11 шүүхийн Тамгын газрын дарга, холбогдох албан хаагч буюу нийт 56 хүн хамрагдав.

 

   

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Б.Ундрах, системийг хөгжүүлэгч “ГӨҮ СМАРТ ТМ” ХХК-ийн Сургалтын систем хариуцсан мэргэжилтэн Л.Саранчимэг нар тус тус мэдээлэл хүргэн, чиглүүлж ажиллалаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу дээрх сургагч багш нарын танилцуулга, мэдээллийн дараа “Шүүхийн захиргааны сургалтын цахим систем”-д байрлуулсан хичээлийг судлан дадлагажив.

 

     

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны ажилтны сургалтын бодлого” болон мөн онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 332 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-д шүүхийн захиргааны ажилтны сургалтын цахим систем, дэвшилтэд тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан.

 

       

 

        Уг бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төсөлтэй хамтран техникийн даалгаврыг боловсруулж батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, шаардлага хангасан “ГӨҮ СМАРТ ТМ” ХХК-тай гэрээлэн цахим сургалтын системийг нэвтрүүллээ.

 

   

 

         Систем нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дата төвд байрласан. Албан хаагч бие даан эсвэл хамтдаа суралцах, харилцан туршлага солилцох зэрэг чанар, үр дүнд чиглэсэн сургалтыг шинэлэг арга зүйд тулгуурлан  тогтмол, давтамжтай зохион байгуулах зорилготой. Ийнхүү шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх, чиглүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлийн сургалтуудыг тасралтгүй явуулах боломж бүрдэж буй юм.

 

 

        Улсын хэмжээнд “Шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын систем”-ийг нэвтрүүлж буйтай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд 10-р сарын 28-аас 11-р сарын 2-ны хооронд орон нутгийн нийт шүүхийн Тамгын газрыг хамруулан 5 бүсэд энэхүү сургалтыг зохион байгуулж байв.

 

Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс