Миний бие Хаукен овогтой Бахытгүл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт оршин суудаг, төрийн албанд 24 дэхь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан”.

 

         Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс” нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн  2 дах хэсэг ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заасныг ноцтой зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж, ярилцлагын шатны хэсэгт миний өрсөлдөгчид үзэмжээр илт илүү оноо тавьж, бусдад давуу байдал бий болгож,  Төрийн албаны тухай хууль тогтоомжийг уландаа гишгэж, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн учир миний бие Төрийн албаны зөвлөлд хандсан боловч, гомдлыг минь шийдвэрлээгүй тул захиргааны хэргийн шүүхийн Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.  

 

       Төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага хэдий ч эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдын асуудлыг шийдээгүйгээс төрийн албан хаагчдыг шүүхэд хандахад хүргэдэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын ярилцлагын хэсэгт шударга бус, тэгш байдлыг алдагдуулах, бусдад давуу байдал бий болгох явдал манай аймагт ихээр гардаг зөрчил боловч, ярилцлагын шатны шалгалтыг үнэлэх тодорхой журам байдаггүй гэдэг утгаар төрийн албан хаагчид сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг орхигдуулдаг байсан. Энэ удаад миний бие шалгалтын хараат бус хэсгээс өрсөлдөгчөөс хамаагүй илүү байхад ярилцлагын хэсэгт комисс хүнийг үзэмжээр үнэлж, хүний эрхийг зөрчиж хохироосон эсэхийг тогтоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үүднээс шүүхэд хандахад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн хуулийн дагуу зөв шийдвэр гаргаж, захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, жирийн албан хаагчдын эрхийг хамгаалсан нь шүүгчийн жинхэнэ уйгагүй хөдөлмөр, өөрийн мэдлэг чадвар, олон жилийн туршлага мөн Шүүх шударга, хараат бус гэдгийг харууллаа. Би шүүхэд хандсан өдрөөс эхлэн надад ёс зүйтэй, ил тод, түргэн шуурхай үйлчилж, хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгсөн анхан шатны ерөнхий шүүгч, түүний туслах, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн надтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгч нарт баярлаж талархсанаа илэрхийлье.