Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.11.16) болж, нэр бүхий 2 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ. Нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэв.

 

      Мөн нэр бүхий шүүгчээс шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудлаар гомдол ирүүлснийг хэлэлцлээ. Тухайн асуудлаар холбогдох шүүхийн тамгын газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийг төлөөлөх ажилтныг томилсон юм.

 

       Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс санал болгосноор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар А.Алимааг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар Ц.Гантуяаг тус тус сонгон бүртгэв.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс