Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний 261, 262 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.
Хуваарийн дагуу өнөөдөр(2023.11.15) анхан шатны шүүхийн шүүгчийн 59 сул орон тоонд бүртгүүлсэн нийт нэр дэвшигч “Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг”, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд бүртгүүлсэн нэр дэвшигчид “эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар”-ын шалгалт өгнө.
Мөн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7 сул орон тоонд дэвшигчид “шүүн таслах ажлын туршлага”, “магадлал бичих чадварын” шалгалтад оролцож байгаа юм.
Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.
Маргааш (2023.11.16) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн нэгдүгээр ээлж "салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар", эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд бүртгүүлсэн нийт нэр дэвшигч "салбар эрх зүйн мэдлэг"-ийн шалгалтад хуваарийн дагуу оролцоно.
Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс