Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний 261, 262 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.

 

 

         Хуваарийн дагуу өнөөдөр(2023.11.13) захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд 16 нэр дэвшигч “салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар”, “салбар эрх зүйн мэдлэгээ” шалгуулж байна.

 

         Мөн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7 сул орон тоонд 11 нэр дэвшигч “хууль хэрэглэх мэдлэг, чадвар”, “салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийн” шалгалтад оролцож байгаа юм.

 

Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

 

       Дараагийн шалгалт лхагва гарагт(2023.11.15) товлогдсон. Тус өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар”, нийт анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг”, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “шүүн таслах ажлын туршлага”, “магадлал бичих чадвар”-ын шалгалтыг тус тус хуваарийн дагуу авах юм.

 

 

        Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс