Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5-р сарын 29, 30-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж, тухайн сумын төрийн албан хаагч, иргэдэд зориулсан "Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар "Эвлэрүүлэн зуучлал”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр, Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгч, архивын үйлчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг цахимаар хэрхэн авах талаар, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Э.Өлзийхишиг шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх, өргөдөл, нэхэмжлэл гаргахдаа анхаарах зүйлсийн талаар тус тус мэдээлэл хүргэж, холбогдох нугалбар, брошур, гарын авлага зэргийг тараав.
Мөн тус сумын удирдлагуудтай "Санал солилцох, мэдээлэл өгөх” уулзалтыг зохион байгуулав. Уг уулзалтаар Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар шүүхийн мэдэгдэх хуудас, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, шүүхийн захирамж, шийдвэрийг зохигчдод хэрхэн хүргүүлэх талаар хуульд заасан үндэслэлүүдийг тайлбарлан өгч, сонирхсон асуултанд хариулт өгч, санал солилцлоо.
Өдөрлөгийн үеэр Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан ирүүлсэн нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 10 өргөдөлд эвлэрэл амжилттай явагдаж, талуудыг эвлэрүүлсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд урьж дуудаад хүрэлцэн ирээгүй 5 өргөдөлд дахин уулзалт товлож шийдвэрлэхээр боллоо.