Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.11.02) болж, нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ. Нөлөөллийн мэдүүлэгт дурдсан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, шүүх хуралдаанд суусан ажиглагч нараас шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд цахимаар хийсэн аудитын тайлантай танилцаж, сүүлийн хагас жилд биечлэн хийх аудитын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.
Цахим аудитыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 77 дугаар тушаалаар баталсан 486 шалгуур үзүүлэлтээр “Шүүхийн бие даасан байдлыг хангах”, “Шүүхийн хүний нөөцийг удирдах”, “Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, “Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах”, “Мэдээллээр хангах” 5 чиг үүргийн хүрээнд Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс