Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуултай ярилцлаа.
Хорих ял эдэлж байгаа хоригдлыг хугацаанаас өмнө суллах асуудлыг ямар тохиолдолд, аль шүүхээр хэлэлцэн шийдвэрлэдэг вэ?
Харьяаллын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн хорих байгууллагын оршин буй газрын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тодруулбал, хорих байгууллага аль сум, дүүргийн нутагт оршиж байна тухайн сум, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 4 хорих, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага байдаг. Тийм учраас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд 407 буюу Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих, 409 буюу хаалттай хорих, 421 болон 441 нээлттэй хорих байгууллага, 411 буюу хорих ял шийтгэгдсэн өсвөр насны хүний хорих ялыг эдлүүлэх Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллах, мөн ял эдлүүлэх дэглэмийг солих асуудлыг шийдвэрлэж байна.
Ял эдэлж байгаа хоригдлыг ямар үндэслэлээр хугацаанаас өмнө сулладаг вэ?
Хорих ангиас гаргасан тодорхойлолт, ял эдлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуульд заасан 4 нөхцөл хангагдсан гэж үзвэл шүүх эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацаанаас өмнө суллана. Нэгд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хоёрт, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, гуравт, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, дөрөвт, оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн бол хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно гэж заасан.
Ялын зохих хувийг эдэлсэн гэдгийг тодруулж тайлбарлахгүй юу?
Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн хоригдол 5 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй буюу талаас илүү хувийг эдэлсэн байх ёстой. Харин 5-12 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, 12-20 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол хугацаанаас өмнө суллах асуудлыг хэлэлцүүлэх боломжтой. Гэхдээ хорих ялын зохих хувийг эдэлсэн байхаас гадна дээр дурьдсан бусад нөхцөл хангагдсан байх ёстой.
Хугацаанаас өмнө суллахдаа тухайн этгээдэд ямар нэгэн хяналт тогтоодог уу?
Шүүх хуульд заасан бүх нөхцөл хангагдсан гэж дүгнэвэл хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хугацаагаар хяналт тогтоодог. Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл дээрх хяналтын хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авна.
Ямар үүрэг хүлээлгэж, эрх хязгаарладаг вэ?
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно. Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх 4 үүрэг хүлээлгэнэ. Мөн тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох зэрэг 4 хязгаарлалтыг тогтооно. Шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан тухайн хүнд хэдэн ч үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.
Хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна. Хэрэв суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.
Ямар гэмт хэрэг үйлдсэн хүнийг хугацаанаас өмнө сулладаг вэ? Хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүх хугацаанаас өмнө сулласнаас дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол гарлаа. Та үүнийг юу гэж үзэж байна?
Хууль тогтоогчид 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлахдаа хорих ялаас хугацаанаас өмнө суллахад гэмт хэрэгт хязгаарлалт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдсэн хэн ч хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Харин Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан өршөөл, уучлалыг хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, мөн авлигын гэмт хэрэгт үзүүлэхгүй байхаар хуульчилсан.
Шүүх хорих ял эдэлж буй хоригдлын засарч хүмүүжсэн талаарх хорих ангийн тодорхойлолт, ял эдлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурорын дүгнэлт, хоригдлын хувийн хэрэгт авагдсан баримт зэргийг харгалзан хорих ялаас хугацаанаас өмнө суллах хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзвэл суллах асуудлыг шийдвэрлэдэг.
Таны асуусан хорих ялаас хугацаанаас өмнө сулласан шийдвэрийн хувьд тухайн хоригдлын хувийн хэрэгт авагдсан баримтууд, хорих ангийн тодорхойлолт, хяналтын прокурорын дүгнэлт зэрэгтэй танилцаагүй тул шийдвэрийг дүгнэж хэлэх боломжгүй.
Шүүх хорих ялаас гадна өөр төрлийн ялаас чөлөөлж шийдвэрлэдэг үү?
Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өвчний учир чөлөөлөх үндэслэл, журмыг тогтоож өгсөн. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ял эдлэхээс чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэдэг. Мөн ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болно. Харин хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байх үедээ өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаас чөлөөлөхгүй.
Ярилцсанд баярлалаа.
Г.Буянхишиг