Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.10.12) болж, нийт шүүгчийн чуулганаас ирүүлсэн саналтай танилцлаа.

       Бүх шатны шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн “Нийт шүүгчийн хоёрдугаар чуулган” 2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон. Тус чуулганаар “Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлэг болж, шүүгч нараас гаргасан саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсан юм. Энэ хүрээнд шүүгчийн хүний нөөц, эдийн засгийн баталгааны асуудлаар 15, бусад асуудлаар 7, нийт 22 санал  ирүүлсэнтэй танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороодод хуваарилан судалж, шийдвэрлэхээр тогтлоо.

 

 

       Шүүгчид нэр дэвшигчийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буцаасан үндэслэлийг нягталж үзэхэд уг үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, нэр дэвшигч Н.Батчимэгийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоор шийдвэрлэв.

 

       Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт гаргасан Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хүсэлтийг дэмжсэнгүй.

 

       Шүүхэд тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нэр бүхий сайт болон холбогдох этгээдийн асуудлаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагад, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороонд тус тус гомдол гаргахаар шийдвэрлэлээ.

 

       Шүүхийн тусгай архив, Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын архивын баримтад хийсэн нэгдсэн тооллогын тайлантай танилцлаа.

       Шүүхийн тусгай архивд нийт 270153,  хадгаламжийн нэгж архивын баримт, анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын   730498 хадгаламжийн нэгж архивын баримтыг тоолсноос гадна хадгалах хугацааг тогтоож, сэлбэн засах, сэргээн шинэтгэх шаардлагатай хэрэг баримтыг ялгаж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тооллогын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

 

       Шүүхийн тусгай архив 2016 онд байгуулагдахдаа 145000 гаруй хадгаламжийн нэгжтэй 5 орон тоотойгоор ажиллаж байсан. Харин энэ оны жилийн эцэс гэхэд тус архивын баримтын тоо 313000 хадгаламжийн нэгж болох төлөвтэй байгаа бол 2024 онд тус архивд хэрэг баримт хүлээн авах өрөө байхгүй хүнд нөхцөл байдалтай байгаа юм байна. Иймд архивын сан хөмрөгийн баримтыг бүрдүүлэх хэмжээ, төрийн архивын ажилтнуудын жилд хийж гүйцэтгэх ажлын хэмжээ зэргээс хамаарч, төрийн архивын ажлын байрны орон тоог Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд заасны дагуу шинээр нэмэгдүүлэх,  архивын зориулалтын байр бариулах шаардлага үүсээд байгаа юм.

       Нэгдсэн тооллогоор данс бүртгэлийн зөрүү тогтоогдсон шүүхийн тамгын газарт Шүүхийн тусгай архив, түүний дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комисс нягтлан шалгалт хийж, арга зүйн туслалцаа үзүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд тайлагнахыг хуралдаанаас чиглэл болгов.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс