Бүгд Найрамдах Турк улсын Хууль зүйн дэд сайд, ноён Хасан Илмаз, Турк улсын хууль зүйн академийн ерөнхийлөгч, ноён Мухиттин Өздемир, Шүүгч, прокурорын зөвлөлийн гишүүн, ноён Омер Фарук Илдимир, Хууль зүйн яамны Хэргийн бүртгэл, статистик хариуцсан дарга, хатагтай Гуная Албаярак, Дээд шүүхийн шүүгч, ноён Хулуси Пур, Турк улсын хууль зүйн академийн Гадаад Харилцааны газрын дарга, ноён Хасан Кадир Илмазтэкин, Академийн шүүгч, хатагтай Бану Фатма Гунарслан нарын зочид, төлөөлөгчид энэ сарын 03-07-ны өдөр Монгол Улсад айлчилж байна.
Зочид төлөөлөгчид айлчлалын хүрээнд өнөөдөр (2023.10.04) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Зафер Атеш байлцав.
БНТУ-ын Хууль зүйн дэд сайд, ноён Хасан Илмаз Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд БНТУ-ын Хууль зүйн яамны хувьд хүний эрхийг хамгийн их дээдэлдэг. Сүүлийн 20 жилд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, технологийн шинэчлэлтүүд хийж байгааг онцлов. Энэ хүрээнд үндэсний шүүхийн системийг байгуулжээ. Шүүхүүд хоорондоо цахим системээр холбогдсоноос гадна иргэд, хэргийн оролцогч талууд бүгд шүүхийн үйлчилгээг гар утас, таблет, компьютероор холбогдож авах боломжтой. Энэ системийн ачаар хуульчид бусад хотод болж байгаа шүүх хуралд оролцох боломжтой болсныг дурдлаа. Мөн хууль зүйн үйлчилгээг ард иргэдэд үзүүлэхэд мэдлэг, боловсролтой боловсон хүчин чухал болохыг онцлоод шүүхийн албан хаагчдаа тогтмол сургаж, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэхэд анхаардаг талаараа дуулгав. Тэрбээр Монгол Улсын хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтойг онцлоод найрсаг хүлээн авч байгаад талархал илэрхийлэхийн сацуу Турк улсад зочлон очихыг урьсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг урилгыг талархан хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын Шүүх прокурорын дээд зөвлөлтэй 2013 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд сургагч багш, эрдэмтэн судлаачид солилцох, эрх зүйн ном гарын авлага хэвлүүлэх, хамтарсан онол, практикийн бага хурал, сургалт семинар хийх, олон улсын бага хуралд харилцан оролцох боломжоор хангах зэргээр үр дүнтэй хамтарч ажиллаж байсныг онцлоод талархал илэрхийлэв. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнтэй энэ удаагийн бүрэлдэхүүн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.
БНТУ-ын Хууль зүйн яамтай цаашид шүүхийн захиргааны албан хаагчдыг БНТУ-ын Хууль зүйн академид суралцуулах, мөн хоёр орны шүүхийн дээд байгууллагын уулзалт зохион байгуулах, шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангаж, хамгаалах болон шүүхийн цахимжуулах, шүүхийн байрны асуудлаар туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. БНТУ-ын Хууль зүйн дэд сайд ноён, Хасан Илмаз хамтран ажиллах саналыг таатай хүлээн авч байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Турк, Монгол хоёр улс олон жилийн ах дүүгийн найрсаг харилцаатай явж ирсэн. Энэхүү харилцаагаа цаашид үеийн үед үргэлжлүүлж, улам бэхжүүлэхийн төлөө өөрийн болон Турк улсын Хууль зүйн яам, Турк улсын хууль зүйн академийн зүгээс хувь нэмрээ оруулах болно гэлээ.
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Турк улсын Хууль зүйн академи болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба хооронд өнөөдөр (2023.10.04) харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Харилцан ойлголцлын санамж бичигт Турк улсын Хууль зүйн академийн Ерөнхийлөгч Мухиттин Өздемир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь талууд хамтарсан уулзалт, сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, мэргэжилтэн, сургагч багш солилцох, туршлага судлахад чиглэж буй юм.
Турк улсын эрхэм зочид Монгол дахь айлчлалынхаа хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар нартай тус тус уулзана.
Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Чингис хааны морьт хөшөө цогцолбор, Түрэгийн хаант улсын мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон түүх соёлын дурсгалт газартай танилцах юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс