Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Сингапур Улсад эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлж буй арга туршлага” сэдэвт сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, гишүүд, шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч болон эвлэрүүлэн зуучлагчийн туслахууд зэрэг 90 хүн танхим болон цахимаар оролцсон.
Сургалтыг Сингапурын Нийгмийн ухааны их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Сингапурын Эвлэрүүлэн зуучлалын төвийн магадлан итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагч Мелвин Ло удирдан, мэдээлэл хүргэв. Энэ үеэр Сингапур улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зохицуулсан байдал, хэрэгжүүлэх арга туршлагын талаар иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч болон туслах ажилтан нарт мэдээлэл өгөх, сайн туршлагаас хуваалцаж байлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг сургалыг нээж, Сингапур Улсын эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчин, практик туршлагаас хуваалцахыг зөвшөөрсөн, эрхэм хүндэт ноён Мелвин Ло багшид талархал илэрхийлсэн.
Мөн Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны үүсэл хөгжил, эвлэрүүлэн зуучлалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, захиргааны болон эрүүгийн хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх боломжийг судлах, гадаад орнуудын эвлэрүүлэн зуучлалын сайн туршлага, шилдэг менежментээс суралцах, нэвтрүүлэхийг зорьж буй нь энэ үед сургалт болж байгааг онцолсон юм.