Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.09.14) болж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн нэг шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх тогтоолыг баталлаа.
Нэр дэвшигчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар дахин санал болгох эсэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилохоос татгалзаж буцаасан үндэслэл тогтоогдож байх тул дахин санал болгохоос татгалзаж шийдвэрлэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу шалгалтын нийлбэр оноогоор дараагийн эрэмбэд байгаа нэр дэвшигчийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг өргөн мэдүүлэхээр боллоо.
Мөн хуралдаанаар Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэв. Харин шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг дахин судлахаар хойшлууллаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс