Шүүгчээр 27 жил ажилласан Д.Жамбалсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өнөөдөр(2023.08.08) гардуулав.
Д.Жамбалсүрэн шүүгчээр 27 жил 5 сар ажилласнаас 2017 оны тавдугаар сарын 12-ноос өнөөдрийн хүртэл Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Түүний шүүхийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн цаг хугацаа, шударга ёсыг тогтоох их үйлсийг үнэлж ийнхүү шагнал олгосныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг цохон тэмдэглэж, гэр бүл, ажил үйлсэд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон уг шагналыг өнгөрсөн сарын 7-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулсан хэдий ч Д.Жамбалсүрэн хүрэлцэн ирж амжаагүйн улмаас өнөөдөр нөхөн гардуулсан юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс