Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг 2023 оны долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатын шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсон зохих арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.

 

      Тодруулбал, тус шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч нар шүүхийн бүтэц бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлын ачааллыг буруулах орон тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг дурдлаа. Мөн шинээр батлагдсан дүрэм, журмын талаар асуулт асууж, санал солилцсон.

 

 

      Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэ шүүхийн Тамгын газрын 2023 оны хагас жилийн байдлаар хэрэгжүүлсэн ажил цаашид хэрэгжүүлэх онцлох ажлын талаар танилцуулан, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар дурдлаа.

 

      Тухайлбал, тус шүүхэд ашиглагдаж байгаа шүүх хуралдааны танхимын ширээ, сандлыг шинэчлэх, шүүх хуралдааны явцын дуу дүрсийг архивлах тоног төхөөрөмж хуучирч элэгдэн зарим тохиолдолд шүүх хуралдааны явцад техникийн гэмтэл гарч байгаа тул техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, мөн шүүхийн тамгын газрын зарим орон тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг хүссэн юм.

 

 

         Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг шүүхийн шүүгч болон тамгын газрын нийт ажилтнуудад талархал илэрхийлээд, шинэчлэн батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.

 

       Түүнчлэн Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор Хэнтий аймгийн шүүхийн ахмад ажилтан Г.Дуламсүрэн, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг, “Шүүхийн тэргүүний ажилтан”-аар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал нар тус тус шагнагдсаныг гардуулж, баяр хүргэв.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс