Хэвлэл мэдээллийн байгууллагаар 2022 онд нэг удаа, 2023 онд гурван удаа нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод, нээлттэй явуулснаар олон нийт үнэн зөв, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шууд хүлээн авах ач холбогдолтой. Иймд нээлттэй шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг хуулиар зөвшөөрдөг.
Олон нийтийн сүлжээгээр албан бус, илт зөрүүтэй мэдээлэл цацагдах нь олон нийтийн мэдээлэл олж авах, үнэнийг мэдэх эрхийг саармагжуулах сөрөг үр дагавартай. Энэ тохиолдолд шүүх үнэн бодит мэдээллийг шууд хүргэх шаардлагатай гэж үзвэл, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагын шүүх хуралдааныг шууд дамжуулах хүсэлт нь холбогдох журмын дагуу дагуу ач холбогдолтой гэж үзвэл шүүх хуралдааныг шууд дамжуулж болно.
Шүүх хуралдаан нээлттэй явуулах нь хэргийн төрлөөс хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан. Хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн “нээлттэй” шүүх хуралдаан явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах боломж нээгдэх юм.
Шүүх хуралдааныг шууд дамжуулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ыг мөрдөнө.
Тодруулбал, хэвлэл мэдээллийн байгууллага нь “нээлттэй шүүх хуралдаан”-ыг олон нийтэд шууд дамжуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргана. Шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хэрэг, маргааны талуудын саналыг хүндэтгэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны танхимын багтаамж зэргийг харгалзан үзэхээр зохицуулсан.
Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Иймд шүүх хуралдааныг шууд дамжуулах хүсэлт гаргасан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага шүүхийн аливаа шийдвэрт нөлөөлөх боломжгүй.
Жишээ дурдахад, гэр бүлийн хамаарал бүхий гурван иргэнд холбогдох олон тооны малыг машин техник ашиглан хулгайлсан гэх хэргийн шүүх хуралдаан өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцсэн.
Уг хэргийн талаар цахим сүлжээнд тарсан мэдээлэл нь хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэхэд олон нийт өөрсдөө дүгнэлт хийх боломжийг олгох, тэнцвэртэй үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор хэргийн оролцогчдын зөвшөөрөлтэйгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан.
Шүүх хуралдааны шийдвэр мөн аливаа этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын нөлөө, оролцоогүйгээр, холбогдох хууль, баримтад үндэслэн гарсан болно. Уг шийдвэрийг зарим иргэд ташаа ойлгох тохиолдол гарч байна. Албан ёсны шийдвэрийн тоймыг тухайн шүүхийн цахим сайтад мэдээлсэн. Мөн магадлалыг бүрэн эхээр нь шүүхийн шийдвэрийн цахим сангаас харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн хэлтэс