Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачилж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хамтран нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шийдвэрлэлтийн талаар Прокурорын байгууллагаас мэдээлэл хийж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлох, харилцан санал солилцох уулзалт зохион байгууллаа.

 


           Тус уулзалтад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын аймгийн Ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагва болон хяналтын прокурорууд, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.

 


          Уулзалтыг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн нээж, үүний дараа тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагва 2022 онд шүүхэд гаргасан нэхэмжлэл шийдвэрлэлтийн талаар болон хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, саналаа хэлэв.  


          Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч, шүүгч, прокурорууд санал хүсэлтээ илэрхийлж байсан ба цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар