Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.07.06) боллоо. Хуралдаанаар “Шүүгчийн ажлын ачаалал тооцох, шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын дагуу шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа суралцах болсон тул төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Иймд түүний албан үүргийг тус шүүхийн Тамгын газрын Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Хишигжаргалаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Мөн хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтын тайланг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 324, 2023 оны 27, 82, 93 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 5, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 1, нийт 65 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна.
Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхийн шүүгчээр 15, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 4, хяналтын шатны шүүхийн шүүгчээр 1 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хуралд танилцуулахаар, нийт 20 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн ба нэр дэвшигч Г.Ганбаатарыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, З.Төмөрхүүг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Ц.Эрдэнэзууг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Л.Угтахбаярыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараад байгаа юм.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөл, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид урамшуулал олгох тухай, шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай, Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэлгүй, хойшлууллаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс