Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны хуралдаанаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдвээр Хууль зүйн доктор (Ph.D.)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Монгол Улсын шүүхэд 7 шүүгч хууль зүйн доктор цолыг хүртсэн байдаг бол ийнхүү 8 дахь доктороо угтан авлаа.
Түүний докторын зэрэг горилсон бүтээлийг Хууль зүйн доктор, дэд профессор Б.Энхболд удирдсан бөгөөд тус бүтээл нь Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалтын талаар манай улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хууль зүйн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд хийсэн анхны дагнасан судалгаа гэдгээр хууль зүйн шинжлэх ухаанд чухал байр суурь эзлэх бүтээл болжээ. Тэрээр тус судалгааны хүрээнд зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүст ял ногдуулахын зэрэгцээ, албадан эмчилгээнд хамруулах талаар онолын үндэстэй санал дэвшүүлсэн нь онолын болон практик ач холбогдолтой болсон байна.
Хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалсан шинэ эрдэмтэн, доктор Н.Одонтуулд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсэж баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн хэлтэс