-Нэг шүүгчийн туслах гэхэд өдөрт 150-200 хүнд үйлчилдэг-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаатай ярилцлаа.
-Бид үргэлж шүүгчдийн тухай хөнддөг. Шүүгчийн орон тоо, хүний нөөц, ёс зүй гээд л. Энэ удаа шүүх байгууллагын захиргааны ажилчдын тухай ярилцмаар байна. Шүүгчдээс дутахааргүй хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа гэв үү. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Шүүх байгууллагууд маань улсын хэмжээнд 1600 ажилтантай. Үүнээс 1000 гаруй нь төрийн захиргааны, 600 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байдаг. Таны хэлснээр захиргааны албан хаагчид маш тогтвор суурьшилгүй, ажлаас гарах нь их байгаа. Үүнийг судлаад харахаар гурван үндсэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.Нэгдүгээрт, цалин.Хоёрдугаарт, тэдний ажлын ачаалал буюу ажиллах орчин. Гуравт, нийгмийн баталгаа. Ажиллах орчныг аваад үзье л дээ. Нэг шүүгчийн туслахад ногдож байгаа талбай 2 м.кв байна гэдэг судалгаа гарсан.Үнэндээ тэр талбайд суух ширээ, сандлаа тавиад л дүүрчихнэ. Тийм орон зайд нэг туслахаас өдөрт дунджаар 150-200 хүн үйлчилгээ авдаг. Шүүх дээр ирж байгаа иргэд мэдээж баяр баясгалантай, тайван амгалан явахгүй шүү дээ. Тийм хүмүүстэй харьцаж байгаа ажилтны сэтгэл зүй ямар байх вэ гэх мэтчилэн сэтгэл зүй, ажиллах орчны талаас харахад их хүнд. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх нэг гарц цалин хангамжийн тал дээр анхаарах ёстой гэдэг үүднээс Шүүхийн тухай хуулийг УИХ шинэчилж баталж өгсөн. Ингэснээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын цалин хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь мэдээж сайн хэрэг.Гэхдээ бусад албан хаагч нарын, ялангуяа шүүхийнТамгын газрын дарга нарын цалин нарийн бичгийн даргын цалингаасаа маш бага. Уг нь Тамгын дарга гэдэг албан тушаалтан бол нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын хариуцлагыг давхар үүрдэг.
ШЕЗ-ийн зорилго бол шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх. Үүнтэйгээ уялдуулаад иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлье гэж зорьж буй. Шүүх гэдэг бол үйлчилгээний байгууллага. Тиймээс ч иргэдэд чирэгдэлгүй, хялбар, шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс шүүхийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч байна. Ард иргэд шүүх дээр өөрийн биеэр очих шаардлагагүйгээр цахимаар үйлчилгээгээ авчихдаг болох ёстой. Ингэснээр олон нийтэд ашигтай байхаас гадна захиргааны ажилтнуудын ачаалал багасах, ажиллах орчин сайжрах гээд давуу талтай.
-Шүүхийн байрны асуудал олон жил яригдаж байна. Бараг стандартын байртай шүүх байдаггүй юм биш үү?
-Шүүхийн байрны стандарт гэж байдаг. Наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд төвөг чирэгдэлгүй байхаас эхлээд маш нарийн стандартууд бий. Шүүх хуралдааны танхим гэхэд зөвлөлдөх тасалгаатай байх ёстой. Шүүх эд мөрийн баримт хадгалах өрөө, хүүхдийн өрөөтэй байх ёстой. Шүүгч болон хэргийн оролцогчид нэг хаалгаар орж гардаггүй, хоорондоо тааралдах боломжгүйгээр өөр гарцтай байх ёстой гээд аюулгүй байдлыг хангасан тодорхой стандартууд байдаг. Гаднын орнуудад шүүхүүд нь том байртай, өндөр өндөр шаттай байдаг. Бид киноноос хардаг шүү дээ. Өндөр шаттай байдаг нь хүртэл цаанаа зорилготой. Стресстэй ирж байгаа иргэд шатаар өгсөөд алхаж байхдаа тайвшрахад нь тусалж байдаг гэж үздэг юм билээ. Энэ мэтчилэн стандартын шаардлага хангасан байрны асуудал манай улсын хувьд маш хүнд. Монголд стандарт хангасан нэг ч шүүхийн байр байхгүй. Тийм орчинд ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл зүй ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс нэгэнт байр байшинг ойрын хугацаанд барьж чадахгүйгээс хойш үйл ажиллагаагаа цахимжуулж, ажилтнуудад ч иргэддээ ч стресс багатайгаар шүүхийн үйлчилгээг үзүүлдэг байя гэсэн зорилгоор мэдээллийн технологид суурилсан бодлогын баримт бичиг боловсруулсан. Түүнийгээ бариад төрийн дээд байгууллагуудад хандахаар “Хэмнэлтийн горимтой байгаа, бүсээ чангалъя” гэдэг. Өмнө нь ч ийм байсан. Тиймээс манай бүх шүүхийн системүүдийг гаднын донор байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд, зарим тохиолдолд тусламжаар хүртэл хийсэн нь бий.
-Шүүхийн системийг гаднынхан хийсэн гэлээ. Нэг ёсондоо Монгол Улсын шүүх засаглалын дата мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг шүү дээ. Эрсдэлтэй сонсогдлоо?
-Тэгэлгүй яахав. Бид ч энэ талаар бодолгүй яахав. “Ийм системийг төр хийх ёстой. Энэ систем тагнуулд хянагдаж байх ёстой. Ялангуяа цахим хавтаст хэргийн системийг өөрсдөө хийх хэрэгтэй” гэж төрийн холбогдох байгууллагуудад хандаад байгаа. Төрийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой байх.
Ер нь гаднын улс орнуудын шүүх байгууллагынхаа системийн аюулгүй байдлыг хангаж, хянах ажил нь анх хийснээсээ хоёр дахин өндөр зардалтай байдаг юм билээ. Нэгёсондоо хамгаалалтдаа маш их анхаардаг гэсэн үг. ХБНГУ-ын шүүх 2026 оны нэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн цахимжна гэж мэдэгдэж байна. Зөрчлийн хэрэг нь аль эрт цахимжчихсан байх жишээтэй. Гол нь хамгаалалт, цахим мэдээллийн аюулгүй байдалдаа анхаардаг юм байна.
-Шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн баталгаа тааруухан байна гэж та эхэнд онцолсон. Ямар асуудал байгаа хэрэг вэ?
-Манайд шүүгчийн туслахыг хуульчийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Бас ерөнхий шалгалт, тусгай шалгалт ч авна. Хуульчийн шалгалт өгнө гэдэг тийм амар ажил биш. Нөгөө талаар манайд төрийн захиргааны албан хаагчдыг дээд мэргэжилтэй байх шаардлага тавьдаг. Гадаадад бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, магадгүй зарим шүүхэд дэмжлэг үзүүлж байгаа албан хаагч нар дээд мэргэжилтэй байх шаардлагагүй гэж үздэг юм билээ. Шүүх нь өөрөө сургачихдаг. Тусдаа шүүхийн коллеж ч гэж бий. Тэндээ хүмүүсээ богино хугацаагаар сургаад авчихдаг. Тамгын дарга нь хүртэл дээд мэргэжилтэй байхыг шаардахгүй. Харин манайд дээд мэргэжил шаарддаг учир хүний нөөц хангалттай бүрдэж чадахгүй байгаа нэг шалтгаан болж байна гэж үзэж байгаа. Тиймээс гаднын ийм туршлагуудыг нэвтрүүлж үзвэл яасанюм бэ гэсэн асуудал яригддаг. Хэрэв ингэж чадвал хүний нөөцийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой.
Одоо манайд ажиллах гэж байгаа хүүхдүүд хуульчийн гэрчилгээгээ авна гэхээр шүүгчийн туслахаас бусад нь мэргэжлийн дадлага эзэмшиж байна гэж үздэггүй. Энэ ч бас нэг төрлийн шалтгаан болж байна. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүхэд ажиллаж байгаа албан хаагчдыг хуульчийн мэргэжлийн дадлага эзэмшиж байна гэж тооцдог болох талаар ярьж байгаа.
-Ер нь өнөөдрийн шүүх байгууллагад 1600 хүн ажиллаж байгаа нь хангалттай орон тоо байж чадаж байна уу?
-Шүүхийн захиргааны албан хаагчдын орон тоо ерөнхийдөө 2000 гаруй байна гээд ШЕЗ-өөс тогтоосон байдаг. Гэтэл манайд 1600 хүн байдаг учир ньСангийн яам, Засгийн газар, УИХ-аас шүүх байгууллагын төсвийг байнга танадагтай холбоотой. Жишээ нь, Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 699 шүүгч байх ёстой. Гэтэл Сангийн яам жил бүр 524 шүүгчийн лцалинг баталдаг. Тэгэхээр шүүхийн ачаалал ихсэхгүй яах юм бэ. Нэг шүүгчийн гар дээр гэхэд хотод 600-700 хэрэг байна. Нэг хэргийн ард хэд хэдэн хүний хувь заяаг шийдэж байдаг. Тиймээс нэг хэрэг дээр ядаж нэг хоног ажиллалаа гэхэд өнөөдөр ирсэн хэрэг хоёр жилийн дараа шийдэгдэхээр байгаа юм. Гэтэл хуулийн процесс нь 60 хоног. Шаардлагатай бол 30 хоног сунгана гэдэг. Амралтын хоёр өдрөөрөө бүтэн амарч чаддаг шүүгч, шүүгчийн туслах манай салбарт байдаггүй.
Ер нь ямар ч улс орон шүүхээс мөнгө харамлах ёсгүй гэдэг юм билээ. Шүүхээс мөнгө харамлаж байвал та өөрийн эрх, эрх чөлөөгөө хасаж байна гэсэн үг. Манайд эрх мэдлийн гурван институт байна гэж ярьдаг. Үнэндээ шүүх эрх мэдэл Сангийн яамны дор орчихоод байна гэхэд буруудахгүй.
-Дэлхийн шүүхийн мэтгэлцээний талаар ярьж өгөөч. Та 10 гаруй жил шүүгчээр оролцож байгаа. Энэ жил Монголын баг анх удаагаа орлоо гэж ойлголоо зөв үү?
-Орон орны хуулийн сургуулийн оюутнуудын дунд жил бүр шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулдаг. Миний хувьд 2011 оноос хойш тус тэмцээнд шүүгчээр оролцож байгаа. Энэ жилийн тэмцээнд гэхэд 100 орчим улсын 700 гаруй хуулийн сургуулийн оюутнууд оролцсон. Энэ нь оюутнууд Олон улсын шүүхийн өмнө хоёр улсын хоорондын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн агуулгатай тэмцээн л дээ. Нэг ёсондоо Олон улсын шүүхийн өмнө хоёр улс маргаанаа шийдэж байгаа тоглолт хийдэг. Тэр тоглолтод аль нэг нь ялах нь чухал биш, хэн нь сайн асуудлаа мэдэж байна вэ гэдгийг нь хардаг. Энэ жилийн тэмцээнд анх удаа Монгол Улсын баг оролцсонд олзуурхсан. МУИС-ийн оюутнууд маань олон улсын энэ том тэмцээнд анх удаа оролцоод “Шилдэг шинэ баг” шагналыг авсан.
-Маш сайхан мэдээ байна. Тэд бол Монголын ирээдүйн хуульчид шүү дээ. Цаашид жил бүр монгол оюутнууд оролцох хэрэгтэй байх. Юун дээр анхаарахыг та зөвлөх вэ?
-Гол нь санхүүгийн асуудал. Өмнө нь ч манай оюутнууд явах боломжтой байсан юм билээ. Маш мундаг залуучууд байдаг. Даанч зардал мөнгөний асуудлаас болж оролцож чаддаггүй. Энэ жилийн тэмцээний хувьд манай нэг хуулийн фирм ивээн тэтгэж уг тэмцээнд оролцуулсан юм билээ. Мэдээж тэд байнга ивээн тэтгэх боломжгүй. Тиймээс дараа жилийн тэмцээнүүдэд оролцох багийг Монголын томоохон компаниуд ивээн тэтгээсэй гэж хүсэж байгаа. Тийм саналыг ч зохион байгуулагч, багш нар хүргүүлэхэд гэмгүй байх. Таны хэлснээр тэд бол Монголын ирээдүйн чадварлаг хуульчид болно. Дотоодын том компаниуд тэднийг ивээн тэтгээд ажлын байрны санал тавьж болно шүү дээ. Мэдлэг чадварын хувьд ярих юмгүй залуус.
-ШЕЗ-ийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг угтан ямар ажил хийж байна вэ?
-ШЕЗ-ийн анхны хуралдаан 1993 оныдөрөвдүгээр сарын 01-ний өдөр хуралдаж байсан юм билээ. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд шүүхийн системд багагүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийж иржээ. Харин миний хувьд шүүхийг нээлттэй болгох, шүүхүүдийг стандартын байртай болгох, шүүхийг цахимжуулах, шүүхэд ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилчдын цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Бид ой тохиож байна гээд хүлээн авалт хийж, бэлэг тараадаг сэтгэлгээнээс одоо салах цаг болсон. Тэрний оронд шүүхэд ажиллаж байгаа албан хаагчдын боловсрол, мэдлэгийг байнга хөгжүүлэхэд анхаарах ёстой, гаднын туршлагыг харилцан солилцох хэрэгтэй гэж боддог. Тэр ч үүднээс өнгөрсөн гуравдугаар сард ШЕЗ-ийн 30 жилийн ойг угтаж шүүхийн цахимжилт болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой хоёр ч олон улсын бага хурал, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Бид өөр ч олон зүйл төлөвлөсөн, системтэйгээр хэрэгжүүлээд явна даа. Ингээд 30 жилийн ойгоо шүүхийн системд хийсэн ажилтай, хийх төлөвлөгөөтэй угтаж байна. Тэр болгоныгтоочоод яривал дуусахгүй л дээ.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч: Б.Энхзаяа
Эх сурвалж: dnn.mn