Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.06.15) болж, нэр дэвшигчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Г.Ганбаатарыг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд З.Төмөрхүүг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Ц.Эрдэнэзууг, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Л.Угтахбаярыг томилуулахаар тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Товчоор:
Нэг шүүгчээс чөлөө олгох хүсэлт гаргасныг хэлэлцээд дэмжсэнгүй.
Сэлгэн ажиллах хугацааг хугацаанаас өмнө дуусгавар болгох тухай шүүгчийн хүсэлтийг хүлээж авсангүй.
Шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс