Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөх явцад зарим шүүхийн шүүгчийн цалин хөлс буурсан. Уг асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх, холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр ШЕЗ тогтоол гаргав. Тус тогтоолоор зарим шүүгчийн 2021 онд авч байсан цалин хөлсний хэмжээг бууруулахгүйгээр зөрүүг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох шийдвэр гаргалаа.
Шүүгчийн чөлөө олгох хүсэлтийг хэлэлцээд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид журамд зааснаар чөлөө олголоо. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээс ирүүлсэн хүсэлтэд албан бичгээр хариу өгөхөөр болсон юм.
Сэлгэн ажиллах хугацааг дуусгаж, үндсэн шүүхдээ ажиллах хүсэлт гаргасан нэг шүүгчийн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр хойшлуулж, албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэв.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс ирүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хэлэлцэж, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс