Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тэд өнөөдөр(2023.05.19) Шүүхийн сургалтын төв Баяндөхөм цогцолборт санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Уг ёслолын арга хэмжээнд АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар, АНУ-ын Нью Хэмпширийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон МакДональд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нар оролцсон.
Арга хэмжээг нээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг "Монгол Улс АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоож, 36 жилийн найрсаг харилцаанаас манай улс олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны үр шимийг хүртсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухайд АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвтэй 2014-2020 оны хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан түүхтэй. Энэ хүрээнд хоёр байгууллагын харилцаа холбоо үеэс үед бэхжин батжиж ирсэн. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, өнгөрсөн оны 9-р сард ноён Майкл Бингер, Жефри Апперсон нар Монгол Улсад айлчилж, давтагдсан тоогоор 4 мянган шүүхийн захиргааны ажилтанд өөрийн улсын туршлагаас хуваалцсан байна. Бидний энэхүү хамтын ажиллагаа хүний эрхийг дээдлэх зарчим, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх гэсэн эрмэлзэл, итгэлцэлд тулгуурладаг. Одоо байгуулах Хамтын ажиллагааны санамж бичиг маань мөн хүндээ, иргэндээ шударга ёсыг тогтоох гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлэх гол зорилтын суурь болно гэж итгэж байна." гэж хэлэв.
Мөн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үеэр “Шүүхийн үйл ажиллагааг үр өгөөжтэй болгоход учирч буй саад бэрхшээл ба шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчин, шийдвэрлэх асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
АНУ-ын Нью Хэмпширийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон МакДональд “Манай хоёр улс арав гаран мянган километрийн зайтай хэдий ч ардчилал, хууль дээдлэх ёсонд тулгуурладгаараа адил. Энэ тулгуур зарчмын илэрхийлэл бол шударга, бие даасан шүүх юм. Бие даасан шүүхийн тогтолцоог хангаж ажиллахад чухал зүйл нь санхүүжилтийг хангах байдаг.” гэж байлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Аль ч нийгэмд хүмүүсийн амьдрал шударга ёсыг тогтоох, эрхээ хамгаалах хэрэгцээ шаардлагатайгаар өрнөж байгаа. АНУ-тай ардчилсан нийгэмд хүн төвтэй шударга ёсны үйлчилгээг хүргэдэг, түүнийг харж, мэдэрч болдог орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллах саналтай байна.” гэсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой чиглэлээр хамтарч ажиллах хэд хэдэн санал дэвшүүлэн дахин хэлэлцэж, хамгийн оновчтой хувилбарыг хэрэгжүүлэхээр боллоо.
Харилцан ойлголцлын санамж бичигт мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах, талуудын цахим дата баазыг харилцан хөгжүүлж, мэдээлэл солилцох, харилцан айлчлал болон ажилтан солилцох, техникийн харилцан туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.
Ёслолын арга хэмжээний төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид богино хугацаанд боловч хамтын ажиллагааны хүрээ хязгаар, арга хэмжээг тодорхой хэлэлцэж чадсандаа баяртай байна. Дурдсан саналуудаас харахад, АНУ-ын Элчин сайдын яам болон манай хоёр байгууллага гэсэн гурвалсан харилцаанд ажлуудаа төлөвлөөд, хэрэгжүүлэх боломжтой гэснийг нэн тэргүүнд дэмжиж байгаагаа илэрхийлье. Шударга ёсыг тогтоох гэсэн том зорилгын ард шүүх иргэдийн эрхийг дээд зэргээр хангах, тэднийг хамгаалдаг байх гэсэн үндсэн зарчим бий. Үүнийг бий болгоход манай улсад тулгамдаж буй олон асуудал байгаа ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс бүгдийг нэгд нэгэнгүй авч үзэж, ажил хэрэг болгон сайжруулна гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байна. Энэ санал, санаачилгыг маань хүлээн авч, хамтын ажиллагааны хүрээнд бодитой ажил хэрэг болгоход тусална гэдгээ илэрхийлсэнд талархаж байна.“ гэсэн юм.
Ийнхүү ёслолын арга хэмжээг дүгнэн болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Майкл Бингер “Шударга ёсны төлөөх хүчин чармайлт бүх цаг үед, бүх нийгэмд байсаар ирсэн. Цаашдаа ч өрнөнө. Иймд бидний хамтын ажиллагаанд төгсгөл байхгүй.” гэснээр арга хэмжээ өндөрлөлөө.
АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн төлөөлөгчдийн айлчлал Монгол Улсад 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс