Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өнөөдөр(2023.05.16) АНУ-ын Спурлокын Шүүхийн сангийн төлөөллийг хүлээн авч, уулзлаа.
Уулзалтад Бэйлорын их сургуулийн Ханкамер Бизнесийн сургуулийн Жейсон МакГрегор, Спурлокын Шүүхийн сангийн гишүүн, “ Deloitte ба Touche” Түншлэлийн аудитор, зөвлөх Эндрю Браун, Спурлокын Шүүхийн сангийн гишүүн Уильям Алекс Моррисон, шүүгч Мэттью Г.Райт, АНУ-ын Хавай мужид бүртгэлтэй, “Ganzorig Consulting” хуулийн фирмийн Захирал, ерөнхий зөвлөх Г.Ганзориг, “Advocate consulting” хуулийн фирмийн хуульч Д.Батсүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар оролцож, талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон мэдээлэл, танилцуулга хүргэв.
Мөн хоёр улсын шүүхийн захиргааны байгууллага, шүүгчийн сургалт, судалгаа, мэдээллийн байгууламжийн тогтолцооны талаар мэдээлэл солилцлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг шүүхийн захиргааны байгууллагын ажилтныг сургах, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Талууд хэлэлцсэн асуудал, хөндөгдсөн сэдвийн хүрээнд тодорхой мэдээлэл хуваалцаж, дэлгэрэнгүй ярилцсан нь үр өгөөжтэй хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, дурсгалын зураг татуулснаар уулзалт өндөрлөв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс