“ГЭР БҮЛИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хамтран “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” сэдэвт сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтад Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Төв, Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 эвлэрүүлэн зуучлагч оролцсон.
Сургалтын зорилго:
Тус сургалт нь гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлагыг судалж, энэ төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлахад гэр бүлийн харилцаа, гэр бүлийн сэтгэл зүйн онцлог, жендерт суурилсан хүчирхийлэл, түүний мөн чанарыг хэрхэн харгалзан үзэх харилцаа хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, салалтын дараах зөвлөн туслах үйлчилгээний арга зүй, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн.
Сургалтын агуулга:
- Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, Доктор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн харилцааны онцлог, гэрлэлтийн сэтгэл ханамж буурч, зөрчил үүсэх шалтгаан”, “Гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, зөвлөн туслах арга зүй, гэр бүл салалт болон салалтын дараах зөвлөн туслах үйлчилгээний арга зүй”
- Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш Ө.Болдбаатар, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, үр дагавар”
- УБЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан нар, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн онцлог”
- Баянгол дүүргийн хяналтын прокурор Б.Бямбадагва, өмгөөлөгч С.Энхцэцэг нар, “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны практик, тулгамдсан асуудал”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, “Эвлэрүүлэн зуучлагчдад шаардлагатай харилцааны дадал, чадварууд”
- Сэтгэл судлаач Ц.Энхжаргал, “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйч шинжээчийн үүрэг оролцоо”
- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, “Гэр бүлийн сэтгэл зүй”
- Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд, “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талуудын сэтгэл зүй”
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Өлзийхүү “Гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлага” (Япон улс) нар хичээл заалаа.
Сургалтын арга зүй, зохион байгуулалт:
Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, багаар ажиллах, дадлага ажил хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав. Багийн болон дадлага ажил хийх явцад сургалтад оролцогчдод гэр бүлийн маргааныг оролцогч талуудын сэтгэл зүйн онцлогт нь тулгуурлан эвлэрүүлэн зуучлахад шаардлагатай мэдлэг, харилцааны ур чадварыг эзэмшлээ.
Сургалтын ирц:
Сургалтын эхний болон 2 дахь өдөр ирц 95 хувьтай байв. Сургалтад оролцогчдоос нэг эвлэрүүлэн зуучлагч тодорхой шалтгааны улмаас оролцож амжаагүй болно.
Сургалтын үнэлгээний дүн шинжилгээ:
Сургалтад оролцогчид 100 хувийн саналтайгаар сургалтаас хүлээсэн үр дүндээ хүрсэн, сургалтад оролцсоноор мэргэшлийн мэдлэг, ур чадвар дээшилсэн, сэдэв сонголт оновчтой байсан гэж үзэж “сайн”, “маш сайн” үнэлгээг өгчээ. Сургалтад оролцогчдын үнэлгээнээс харахад тус сургалт нь эвлэрүүлэн зуучлагчдад зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгосон, сэдвээ оновчтой томъёолсон, цаг үеээ олсон, хэрэгтэй сургалт болжээ. Харин сургалтын гарын авлага, тараах материалыг 13,3 хувь нь “маш муу”, 20 хувь нь “дунд” гэж үнэлсэн байх тул дараагийн сургалтад анхаарч, тараах материал, гарын авлагыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
---oOo---