Эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх сургалт боллоо. Нийслэл болон орон нутгийн 56 шүүгчийн туслах энэ сарын 27, 28-ны өдөр шүүхийн сургалтын “Баяндөхөм цогцолбор”-т мэргэшүүлэх сургалтад хамрагдав.
Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн дарга, сургагч багш С.Нэргүй “Албан хэрэг хөтлөх”, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, сургагч багш Н.Одонтуул “Хавтаст хэргийн хөтлөх, хадгалах, ашиглах”, Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Шүүгчийн ёс зүй, сахилга бат ба шүүгчийн туслахын уялдаа холбоо”, Т.Энхгэрэл “Ажлаас халшрах хам шинж, түүнийг даван туулах арга зам” зэрэг сэдвээр тус тус 27-ны өдөр сургалт, мэдээлэл хүргэсэн юм.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах шүүхийн захиргааны ажилтан хуульд заасан журмын дагуу ажиллах нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал болохыг онцолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг хүсэв.
Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал “Нотлох баримт, эд мөрийн баримт, баримт хадгалах, хамгаалах”, Тагнуулын ерөнхий газраас “Төрийн болон албаны нууцын хадгалах, хамгаалах” сэдвээр өнөөдөр тус тус танилцуулга, мэдээлэл хүргэлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс