Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх сургалт боллоо. Нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газраас 52 хүн энэ сарын 20, 21-нд шүүхийн сургалтын “Баяндөхөм цогцолбор”-т мэргэшүүлэх сургалтад хамрагдав.
Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн дарга, сургагч багш С.Нэргүй “Албан хэрэг хөтлөх” талаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга, сургагч багш О.Солонго “Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-ны талаар, “Атлас консалтинг фирм” сургалтын байгууллагын захирал, Сэтгэл судлаач, доктор Б.Амарсанаа “Цагийн зохион байгуулалт” сэдвээр, Шүүхийн захиргааны ажилтны сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй” сэдвээр 20-ны өдөр тус тус мэдээлэл хүргэсэн юм.
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх” талаар, Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт, сургагч багш Б.Оюуннасан “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хэл бичгийн ухааны доктор ( Ph.D) дэд профессор О.Шинэбаяр “Хэлний хэрэглээ, найруулга судлал” сэдвээр 21-ний өдөр тус тус мэдээлэл хүргэснээр сургалт өндөрлөв.
Шүүхийн захиргаааны сургалт, судалгааны төв
Хэвлэл мэдээллийн хэлтэс