“Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь удаагаа болж буй юм. Сургалт танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс тав дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

      Өмнө нь шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаагүй эрх зүйчид хамрагддаг байсан бол энэ жилийн хувьд шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа,  төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн 72 шинэ залуу боловсон хүчнийг хамруулж байгаагаараа онцлогтой.

 

 

     Сургалтыг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Хоёр сарын хугацаанд шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалтыг хүргэнэ. Энэхүү сургалтыг амжилттай дүүргэснээр төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, шүүхийн захиргааны мэргэшсэн боловсон хүчин болоход өндөр ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэхүү сургалтыг 2016-2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй, 2019 онд Германы Олон Улсын  Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй, 2020-2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөл дангаараа зохион байгуулж байсан.

 

       Харин сүүлийн жилүүдэд буюу 2022-2023 онд Германы Олон Улсын  Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн цаашдаа ч тус байгууллагатай шүүхийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагч нарыг мэргэшүүлэх тал дээр олон сургалт дээр хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

  

 

      Өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус сургалтад нийт 315 эрх зүйчид хамрагдсанаас 283  суралцагч амжилттай төгсөж, 2023 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 180 сургалцагчид буюу 64 хувь нь шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байна.

 

Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс