Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж, Канад болон Европын холбооны экспертүүдийн айлчлалын үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаарх танилцуулгыг сонслоо.
Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж буй “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд Канад Улсын шүүгч, төсөл хэрэгжүүлэх багийн хоёр дахь айлчлал Монгол Улсад 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний хооронд болж, хатагтай Мэри Моро /Канадын Алберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч/, ноён Марк Ричард /Канадын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч/, хатагтай Наталья Хородецки /Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч/ нар манай улсад ажиллаж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө дүгнэлт өгч, хамтран ажиллалаа.
Тэд айлчлалын хүрээнд нийт таван удаагийн албан уулзалт хийж, "Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь" сэдэвт олон улсын бага хуралд оролцож, шүүх хуралдааныг ажиглах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн шүүхүүдэд ажиллаж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны ажлын хэсгийн гишүүдтэй Төслийн дүгнэлт, үр дүнг ярилцаж, цаашдын алхам хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны зүгээс Төслийн дүгнэлтийн хүрээнд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төсөл нийт 7 сарын турш амжилттай үргэлжилсэн талаар дүгнэж, цаашид уг төслийн хүрээнд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн үр дүнг нь үзэх, урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү төслийн үр дүн нь Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ.
Европын Холбооны Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр /TAIEX/-ийн шугамаар Европын холбооны гишүүн Австри, Итали, Эстони улсын экспертүүд Монгол Улсад энэ сарын 20-31-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Хатагтай Мария Жиулиана Сивинини, Итали улсын шүүгч асан, Европын Холбооны Шүүхийн бүтээмжийн Зөвлөлийн Кибер-Шүүхийн Ажлын хэсгийн (CEPEJ) Ерөнхийлөгч, Ноён Гернот Пош, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал, Хатагтай Маргит Лаури, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх гурван хүний бүрэлдэхүүнтэй экспертүүд өөрсдийн орны шүүхийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм. Тэд оролцогч байгууллагуудад тус бүрчлэн үзүүлэх нийт найман өдрийн техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны үйл ажиллагаа, “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” сэдэвт хоёр өдрийн олон улсын бага хуралд оролцож, өөрсдийн туршлагаас хуваалцсан.
Европын Холбооны Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр /TAIEX/-тэй хамтран “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт”-ын хүрээнд экспертүүдийн зөвлөгөө авах, туршлага солилцох, хамтран олон улсын бага хурал зохион байгуулах 10 хоногийн арга хэмжээ амжилттай хэрэгжсэн. Цаашид Европын Холбооны Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр /TAIEX/-тэй хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газраас танилцууллаа.
Ээлжит хуралдаанаар шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн захиалга, сэлгэн ажиллах талаар ирүүлсэн шүүгчдийн хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 шүүгчийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1 шүүгчийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв. Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн сэлгэн ажиллуулах хугацааг дуусгавар болгож, буцаан ажиллуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэсэн юм.
Нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн Хэргийн индексийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа.
Мөн зарим шүүхийн Тамгын газрын даргын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцээд 2 шүүхийн Тамгын газрын даргыг он дуустал үргэлжлүүлэн ажиллуулах, 1 шүүхийн Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс