Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж, өчигдөр (2023.03.27) хаалтаа хийлээ.

 

 

      Төслийн хаалтын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн А.Насандэлгэр нар оролцов.

 

       Тус төсөл нь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын эрхээ эдлэхэд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох,  гэр бүлийн хүчирхийллийн  хохирогчдод эрх зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх, хохирогч-төвтэй үйлчилгээг хүргэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. Төслийг Монгол Улсын Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд, хуульчдын мэргэжлийн холбоо, их сургуулиуд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой хамтран хэрэгжүүллээ.

 

 

      Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь төслийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, хохирогч-төвтэй хандлагыг тусгаж буй байдалд хийсэн мониторинг,  “Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт” (2020) судалгаа хамтран ажилласан байдаг. Тус судалгааны тайланд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хариу үйлдлийг сайжруулах чиглэлээр санал зөвлөмжийг нарийвчлан тусгасан бөгөөд судалгааны үр дүнг төслийн түнш байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан юм.

 

      Түүнчлэн  “Жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийн шүүх, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дагнасан шүүхтэй танилцах Канад улсын сайн туршлагыг судлах нь” сэдэвт Канад Улсын Онтарио мужийн туршлага судлах үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан.

 

       Монгол Улсад гэр бүлийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо, гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, энэ төрлийн мэргэшсэн шүүгч бэлтгэх, шүүхийн байрны стандарт болон шүүх хуралдааны танхимд хүүхэд, хохирогчийн аюулгүй байдлыг хангах стандартыг сайжруулах чиглэлд дүн шинжилгээ хийж, санал зөвлөмжийг хамтран боловсруулсан юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс