Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канадын Олон Улсын Асуудлын Байгууллагад “Техникийн туслалцааны төсөл” хэрэгжүүлэх саналыг Монгол Улс дахь Канадын элчин сайдын яамаар дамжуулан хүргүүлснээр дэмжигдсэн. Улмаар зургаан сар гаран хугацаанд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг хэрэгжүүллээ.

 

 

          Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, уулзалтуудын үр дүнг хэлэлцэхээр Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар өнөөдөр(2023.03.24) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ажиллав.

 

 

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Н.Отгончимэг, А.Отгонцэцэг, Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, О.Номуулин нар Канад улсын төлөөллийг хүлээн авч, уулзлаа.

 

 

Төслийн хүрээнд дараах таван чиглэлээр Канад Улсын туршлагаас судалж, мэргэжлийн зөвлөгөө авсан. Эдгээр нь:

 1) Шүүхийн тогтолцоонд жендерийн мэдрэмжийг нэвтрүүлэх стратеги боловсруулах

2) Ёс зүй, жендерийн тэгш байдал, мэргэжлийн зан үйлтэй холбоотой шүүгчдийн хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх

3) Гол оролцогч талуудад жендерийн мэдрэмжийг шүүхийн тогтолцоонд нэвтрүүлсэн арга барил, туршлагын талаар танилцуулах

4) Олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хүний нөөцийг хөгжүүлэх

5) Олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд нэвтрүүлсэн арга барил, туршлагыг гол оролцогч талуудад танилцуулах зэрэг юм.

 

 

 

          Дээрх чиглэлийн хүрээнд үр дүн гаргахаар 2023 оны 1-р сарын 27-ны өдрөөс  2-р сарын 3-ны өдрүүдэд Канад Улсын хоёр шүүгч болон олон улсын мэргэжилтэн Олег Шаков нар Монгол Улсад айлчилж, шүүхийн асуудлаар хуулийн байгууллагууд болон сэтгүүлч нартай уулзаж, туршлага судлан зөвлөмж хүргэж байв.

         Харин дараагийн айлчлал энэ сарын 17-оос эхлэн баримт бичиг боловсруулах, олон улсын бага хурал зохион байгуулах, шүүхийн байртай танилцах гэсэн төлөвлөгөөний дагуу үргэлжилж, өнөөдрийн дүгнэлтээр өндөрлөж байна.

 

   

 

          Хамтын ажиллагаа, төслийн үр дүнг дүгнэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг “Төслийн агуулгыг гаргаад, хэрэгжүүлж эхлэн арга зүйн зөвлөгөө авч байхдаа бид маш энгийн шийдлүүдийг олж харж чадсан. Цаашлаад илүү сайжруулах шаардлагатай зүйлсээ Монгол Улсын хэмжээнд салбараараа нэг тийш хандуулж чадсан нь энэ удаагийн үр дүн. Түүнчлэн бид маш азтай байлаа. Учир нь Мэри Моро болон Марк Ричард нар өөрсдийн ажлыг хийхээс гадна нийгмээ,  салбараа сайхан болгох, шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд цагаа зарцуулж байгааг хараад бахархахын зэрэгцээ үлгэр дуурайлал авмаар санагдсан. Та бүхний манай улсад оруулсан хувь нэмэр маш өгөөжтэй байсан гэдгийг цохон тэмдэглэмээр байна.” гэсэн юм.

 

 

         Төслийн оролцогчид болохын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо шүүхийг нээлттэй байлгах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хялбар хүргэх, шүүгчийн ёс зүй, хандлагыг тэдэнд дарамт, сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зөвлөгөө, хамгаалалт хэлбэрээр сайжруулах арга зам, гарц гаргалгааг олж чадсандаа баяртай байгаагаа дурдаж байлаа.

 

 

         Харин Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки “Та бүхэн маш их хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг харахад үнэхээр таатай байлаа. Энэ удаагийн төсөл маш богино хугацаанд үргэлжилсэнд харамсаж байна. Учир нь бид төлөвлөсөн зүйлийнхээ дөнгөж л хөрсийг нь тавьсан. Цаана нь урт хугацааны маш чухал ажлууд үлдсэн гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Энэ төсөлд би цэг биш таслал тавихыг хүсэж байна. Минийн хувьд урт болон богино хугацаандаа хэрэгтэй зүйлсийг тэмдэглэж авлаа. Дараагийн төсөлдөө тусгана гэж найдаж, бараг 99 хувь итгэлтэй байна. Учир нь манай Элчин сайдын яам мөн Та бүхний хичээл зүтгэлийг үнэлж, дэмжиж байгаа. Энэ хамтын ажиллагаа бол хүлээлтээс давсан үр дүнтэй болсон” гэв.

 

 

           Түүнчлэн шүүгч Мэри Моро болон Марк Ричард нар ч санал нэг байгаа бөгөөд, халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлэн, дахин уулзах чин эрмэлзэлтэй буй талаараа дурдаж байлаа. Ийнхүү энэ удаагийн уулзалт төслийн хаалт гэхээсээ илүү үргэлжлэх боломж гэж найдан дахин уулзахыг ерөөснөөр өндөрлөв.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс