“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал энэ сарын 23-24-ны өдрүүдэд “Холидэй-Инн” зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд “Шүүхийн цахимжуулалтад хөрөнгө босгох ба санхүүжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгээр өндөрлөлөө. Хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Р.Батрагчаа удирдан явуулсан юм.

 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын ахлах зөвлөх Т.Батсүх, Дээд Шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сахилгын хорооны Тамгын газрын дарга Д.Мөнхзориг нар дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сонирхогчдын асуултад хариуллаа.

 

 

       Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын ахлах зөвлөх Т.Батсүх Монгол Улсын төсвийн бодлогын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд цахимуулалтад шилжсэн салбараас жишээ татаж тайлбарлав. Тэрээр “Монгол Улсын төсвийн бодлого нь хоёр чиг хандлагаар явдаг. Уламжлалт буюу орцоор санхүүжүүлэх хэлбэр. Шүүхийн салбарт шүүгч ажилладаг байлаа гэхэд тэр доторхи хүмүүсийн цалин, урсгал зардлаар санхжүүлүүлдэг байсан. Үүний давуу тал нь бол танай байгууллагад өгсөн цалинг та цалингийн зардалд л зарцуулах ёстой. Энэ бол санхүүгийн сахилга батад сайнаар нөлөөлдөг. Нөгөөх нь гарц чиглэл буюу танайх юу хийдэг вэ гэдэг дээр буюу үр дүн, үр нөлөө, үр ашгийг тооцдог. Тэгэхээр шүүхийн төсөв бол жилийн 90 тэрбум төгрөгийн төсөвтэй. Санхүүжилтийн шинэчлэлтийг орцоос гарц руу хийх хүсэлтэй бол байгууллага өөрөө хүсэлтээ гаргах ёстой. Миний хэлж чадах зүйл бол шүүх дээр би үүнийг хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Шүүх харин үүнийг хэрэгжүүлье гэх хүсэл, сонирхолтой байх ёстой. Санхүүжилтийн өндөр сахилга баттай байх ёстой” гэж онцлов.

 

 

       Дээд Шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Монгол Улсын төсвийн бодлого гүйцэтгэл тал руугаа чиглэж байгаа учраас үүнийг бол дэмжиж хүлээж авч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхүүдийн стандартыг гаргадаг. Стандарт гаргаад ирэхээр Улсын дээд шүүх гаргасан айтигийн стандартыг хэрэгжүүлээд явахад бэлэн байгаа. Цахимжуулалтад тулгарах бэрхшээл байгаа боловч үүнийг давж гарах нь ойлгомжтой” гэлээ.

 

 

       Шүүхийн сахилгын хорооны Тамгын газрын дарга Д.Мөнхзориг “Шүүхийн сахилгын хороо байгуулагдаад жил гаруй болж байна. Тухайн байгууллагад цахимжуулалт шаардлагатай. Байгууллагын наад захын хэрэгцээг хангахад ч цахимжуулалт хэрэг болдог. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэ системийг бид өнгөрсөн 7 хоногоос хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор хэдий цаасан суурьтай байгаа ч бид та бүхний араас удахгүй гүйцээд очих боломжтой. Шүүх цаас үйлдвэрлэдэг байгууллага. Одоо харин ирээдүйд файл үйлдвэрлэдэг болох байх. Цахимжилт гэхээр хүрч болохгүй аймаар том юм гэж ойлгож болохгүй. Наад захын энгийн хэрэглээгээ цахимжуулахаас л эхэлнэ. Айтигийнхан хууль уншдаггүй, хуульчид айти сэтгэлгээ удаантай. Ийм болохоор ойлголцол хэрэгтэй. Төсвийн төдийгүй хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлээд хууль зөрчихгүйгээр боломжийг ашиглах хэрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл бодлогын баримт бичгээ батлаад техник эдийн засгийн үндэслэлээ гаргаад явж байгаад баяртай байна” гэлээ.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Хоёр бүтэн өдрийн турш шүүхийн цахимжуулалт сэдвийн дор хуралдаж, хэлэлцлээ, маш их мэдээлэл солилцлоо. Яг нэг жилийн өмнө бид хэд цахимжуулалтын бодлогоо гаргах гээд суурь түвшингээ тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг хийж байсан. Анх ажил авангуутаа 41 шүүхийн Тамгын газрын ажлын тайлантай танилцаад маш их ажил овоорсон байгааг ойлгосон. Цахимжилтын талаарх бодлого гаргах гээд ярилцсан. Бодлого батлагдахын өмнө бид 2022 оны 11 дүгээр сард дахиж хэлэлцсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сард бодлогоо баталсан. Батлагдсаны дараа олон нийт, шийдвэр гаргах түвшин, шүүхийн салбарт ажиллаж буй эд эс бүхэндээ ойлгуулах шаардлага гарч ирж байсан. Яг энэ хэрэгцээ шаардлагад үндэслээд бид Европын холбоотой цахимжуулалтын талаар хэлэлцүүлэх саналаа гаргаад зургаан сарын дараа буюу өнөөдөр энэхүү бага хурлыг хийлээ. Маш үнэ цэнтэй мэдээллүүдийг бид солилцлоо. Энэхүү олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулахад техникийн туслалцаа үзүүлсэн Европын холбоо, арга хэмжээг үнэ цэнтэй санал зөвлөмжөөрөө баяжуулсан гаднын зочид төлөөлөгчиддөө баярлалаа. Амьсгаа даран чагнасан бүх оролцогчиддоо баярлалаа. Бид өөрчлөлтөд бэлэн байх ёстой. Хорвоо ертөнц урагшилж байхад хүссэн ч эс хүссэн ч бид цахимжилтад бэлэн байхаас өөр арга алга байна” гэв.

 

 

       Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч, доктор Ц.Цогт бага хурлыг хааж хэлсэн үгэндээ “Гурван шатны шүүхийн үйл ажиллагааг цахимжуулна гэдэг бол гурвуулаа хоорондоо уялдсан байх ёстой. Бид цаашдаа файл биш шүүхээр үйлчлүүлж байгаа  талуудын асуудал, хүний асуудал байгааг мэдэрч цахимжуулалтыг хийх ёстой. Цахимжуулалтаар шүүх өөрийнхөө үйл ажиллагааг хялбарчлах боловч агуулгаараа биднээс үйлчилгээ авах гэж байгаа талуудынхаа боломж, чадамжийг харилцан бодолцож байж цахимжуулалтын асуудалд хандах байх. Ганц л үг хэлэхийг хүсэж байна. Хоёр өдөр суухдаа гурван экспертийг бүх боломжоороо ашиглалаа шүү дээ. Тийм учраас гадаадын экспертүүддээ, зохион байгуулалтын удирдлагаар хангасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдад тусгайлан талархал илэрхийлье” гэв.

 

 

       Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никейз цахим хувьсгалыг эхлүүлж, даван туулж байгаа туршлагатай танилцаж байгаагийн ач холбогдлыг зөвлөгөөний төгсгөлд онцлоод цахимжуулалтад шүүх эрх мэдлийн салбар, Засгийн газар идэвхтэй оролцож цогц байдлаар хэрэгжүүлэхийг хүсэв. Цахимжуулалтын бодлогод Европын холбоо цаашид ч хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс