Олон улсын бага хурал “Хууль зүйн тогтолцооны цахимжуулалтад тулгарч буй сорилт ба боломжууд” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав чиглүүлэгчээр ажиллалаа.  

 

 

        Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, ШШГЕГ-ын мэдээлэл технологийн хэлтсийн дарга С.Галт-Оч, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Лаури Маргит, Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав..

 

  

 

          Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс шүүх эрх мэдлийн цахимжилтыг онцгойлон дэмжиж ажиллана. Шүүхийг цахимжуулах нь дан ганц шүүгч, шүүхийн асуудал биш. Хэргийн оролцогч талуудын асуудал. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд харилцаа холбооны салбар дээр үсрэнгүй хөгжсөн. Нэг хүнд ногдох цахим хэрэглээгээрээ Азийн орнууд дундаа өндөрт тооцогддог. Бидэнд цахимжих хэрэгцээ шаардлага байгаад байна” гэж онцоллоо.

 

 

      ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Хэлэлцүүлэг маш чухал сэдвээр, оролцогчид ойлголтоо нэгтгэж ярилцах боломжийг олгож байна. Шүүхийн цахимжуулалт гэхээр зөвхөн шүүх эрх мэдлийн байгууллагад хамааралтай асуудал биш гэдгийг том зургаар нь харж байгаа. Олон орны туршлагыг судалсан. Эрх зүйн социалист тогтолцоотой урд хөрш БНХАУ-аас судалсан. Сүүлд БНСУ, БНГУ-ын туршлагаас бас судалж байна. Шүүхийн үйлчилгээг цахимаар авах нь гарцаагүй зүйл болсон. Өнөөдөр явж буй хууль эрх зүйн шинэчлэлт, дэд бүтцийн нөөцийг зөв зохион байгуулахад анхаарах нь зүйтэй” гэлээ.

 

 

      Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Лаури Маргит “Бид танай энэ үеийг тойрсон биш даваад гарсан. Бага дүнтэй маргааныг аль болох цахимжуулбал дараалсан урт хэргийн жагсаалт багасч, шүүхийн ачааллыг бууруулахад дэмтэй. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Мэдээж дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай, гэхдээ хүмүүсийн хандлагыг өөрчлөх шаардлага гарч ирдэг. Эстонийн туршлагаас харахад энэ маш чухал байсан. Цахимжуулахад хангалттай тоног төхөөрөмж, холболтыг бий болгосон байх ёстой. Заавал шилэн кабел гэхгүй бусад технологийг ашиглах ёстой. Эстони интернет шугам сүлжээндээ маш их хөрөнгө оруулалт хийсэн. Та бүхний хувьд байгаа нөхцөл байдалдаа уялдуулаад мобайл утсаараа интернетэд холбогддог ч юмуу тэгж ажиллавал зүгээр байх. Анх шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд маш олон баримт бичгийг скайнерддаг байсан нь сүүлдээ буруу болох нь харагдсан. Тэгэхээр анхнаас нь баримт бичгээ цахимаар бүрдүүлэх нь чухал” гэлээ.

 

 

        Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл “Шүүхийн цахимжилт гэдэг бол ганц шүүхээр тогтохгүй бүх хуулийн байгууллага, бүх хуульчдыг хамрах өргөн хүрээтэй үйл ажиллагаа. Энэ утгаараа Хуульчдын холбоонд шууд хамаарна. Хуулийн байгууллагуудын цахимжилтаар бид хэлэлцүүлэг хийж байсан. Ийм ярилцлагуудыг хуульчид өөрсдөө нэгдэж, санал бодол, мэдлэг туршлагаа хуваалцаж байж, цаашаа хууль зүйн шинжлэх ухаан хөгжинө. Хуульчдын санаа зовж ярьж байгаа зүйл бол цахимжуулалтын эрх зүйн орчны талаар байсан. Цахимжилттай холбоотой таван багц хууль, хуулийн хийдэл, цоорхойг цаашид яаж засаж сайжруулах вэ гэдэг дээр санаа зовж ярилцсан. Хуульчдын холбоо цаашид хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж болно. Эдгээр хуулийн талаар хуульчдын дунд нэгдмэл хэрэглээ бий болгох зорилгоор сургалт явуулж болно. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бол шүүхийн байгууллагуудын цахимжилттай холбоотой бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Цахим шилжилт бол зөвхөн шүүхэд хийгээд сайн болчих нь эргэлзээтэй. Шилжилтийг хурдтай чанартай хийхийн тулд бүх хуулийн байгууллага, хуульчдыг хамарсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хуульчдын гүүр болохын хувьд оролцоход бэлэн. Манай холбооноос маш идэвхтэй оролцох сонирхол байна. Манайх төрийн зарим чиг үүргийг хүлээж аваад амжилттай хийж байна. Тиймээс бид идэвх санаачлагатай оролцох сонирхол байна” гэв.

 

 

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал маргааш үргэлжилнэ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс