Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооноос Монгол Улсад суугаа  төлөөлөгчийн газар, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал өнөөдөр “Холидэй-Инн” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Энэхүү бага хурал маргааш үргэлжилнэ.

     Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна.

 

 

        Монголын шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд шүүхийн захиргаа болон хэргийн хөдөлгөөний удирдлагад цахимжуулалтыг нэвтрүүлэх, шүүхийн цахимжуулалтыг бусад хууль, шүүхийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн орон болон бусад улсуудын шүүхийн цахимжуулалтын сайн туршлагатай танилцах зэрэг асуудлаар тус бага хурал үргэлжилж байна. 

 

  

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Аксель Никэйз нар бага хурлыг нээж, оролцогчдод амжилт хүслээ.

 

  

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг хурлыг хөтөлж, удирдан явуулж байна.

 

 

          Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын цахимжуулалт, уялдаа холбоог хангах нь” илтгэлдээ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртТөрийн үйлчилгээг иргэдэд шуурхай буюу цахим хэлбэрээр хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим гэрээ, хэлцлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулан цахим орчинд хийгдсэн гэрээ, хэлцлийг шүүхэд нотлох баримтаар тооцох, шүүхийн зарим үйл ажиллагааг цахимжуулж, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлнэ” хэмээн тодорхой тусгасныг онцгойлон тэмдэглэлээ.

 

 

        Итали Улсын Шүүгч асан,  Итали улсын Писа дахь Шүүхийн Ассамблейн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕРШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини Европын хууль зүйн үр бүтээмжит байдлын зөвлөл /CEPEJ/-ийн хэтийн төлөв, одоогийн нөхцөл байдал ба хууль эрхзүйн үндэс”, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош “Европын улсуудын шүүхийн цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн үндэс” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

 

 

 

         Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Шүүхийн цахимжуулалтын  ажлын хэсгийн ахлагч Н.Баасанжав Монгол улс дахь шүүхийн цахимжилт ба шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлдээ шүүхийн цахимжилт нь шүүхэд хандах боломжийг хялбар болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох, шүүхийн зардлыг бууруулах, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгох, түгжрэлийг бууруулах зэрэг олон үр дүнтэй” талаар онцлов.

 

 

      Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалтыг шүүх дангаар бус цагдаа, прокурор, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээний байгууллага буюу ХЗДХЯ-ны хамтын хүчээр хэрэгжүүлэх шаардлагатайг дуулгаад үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл манлайлан оролцоно гэлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалтыг юуны өмнө цаасан ба цахим суурьтайгаар хосолмол хэлбэрээр явуулах ба нэн даруй эхлүүлэхэд эрх зүйн орчны хувьд томоохон өөрчлөлт шаардлагагүй талаар тэрбээр илтгэлдээ дурдсан юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс