Европын холбооны гишүүн улсуудын экспертүүд манай улсад айлчилж байгаа. Айлчлалын хүрээнд гуравдугаар сарын 20-ны даваа гарагт Хатагтай Мария Гиүлиана Сивинини, Ноён Гернот Пош, Хатагтай Маргит Лаури, Хатагтай Евгениа Фараза нар Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж, Австри, Итали, Эстони болон Монгол Улсын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаатай харилцан танилцсан. Түүнчлэн хэргийн хөдөлгөөний удирдлагын хяналтын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцан, санал солилцсон юм.
Харин өчигдөр(2023.03.22) Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, сахилгын хэргийн бүртгэл хяналтын системтэй танилцаж, өөрсдийн орны туршлагаас тус тус хуваалцлаа.
Хөтөлбөрийн дагуу өнөөдөр (2023.03.22) “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон. Үргэлжлүүлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус ажиллаж, хэргийн хөдөлгөөн; цахимаар хэрэг, шүүх бүрэлдэхүүн хуваарилах; шүүх хуралдаанд шүүгчид цахим хавтаст хэрэг ашиглаж хэргийг хэлэлцэх боломж олгох үүднээс цахим хавтаст хэрэг үүсгэх просцесстой танилцаж байна.
Шүүхийг цахимжуулах хүрээнд эдгээр олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөмж, мэдээлэл сонсож, харилцан санал солилцон туршлага хуваалцах зорилготой юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс