“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Олон улсын бага хурлын үдээс хойшхи хуралдааныг олон нийттэй харилцах, шүүхийн шийдвэрийг мэдээлэх сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах удирдаж явууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Шүүх олон нийттэй харилцах нь” сэдвээр илтгэл тавьж, “Шүүхийн олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр” гаргахаар ажиллаж байгаагаа танилцуулав.
Канад Улсын Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро “Шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангахад харилцаа, холбооны хэрэгслүүд голлох үүрэгтэй болох нь” сэдвээр илтгэл тавьж Канад улсын туршлагаас хуваалцсан юм. Мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд таниулан түгээх нь” илтгэлдээ шүүгч шийдвэрээ бичгээр танилцуулахын ач холбогдлыг онцоллоо.
Үргэлжлүүлэн Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Шүүхийн хэвлэл мэдээллийн харилцаа ба сэтгүүл зүйн хэм хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл, “Time.mn” сайтын Эрхлэгч Г.Улсболд, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Сүхбаатар нар “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх” сэдвийн хүрээн дэх хэлэлцүүлгийг удирдаж, хуралд оролцогчид байр сууриа илэрхийлж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс