Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канадын Олон Улсын Асуудлын Байгууллага (Global Affairs Canada)-д техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх саналыг Монгол Улс дахь Канадын элчин сайдын яамаар дамжуулан хүргүүлж, дэмжигдсэнээр “Техникийн туслалцааны түншлэл: P008061-002 төсөл”(Technical Assistance Partnership (TAP) Project: Mongolia) долоон сарын хугацаанд хэрэгжиж байгаа билээ.
Техникийн туслалцааны уг төслийн хүрээнд туршлага судлах, экспертийн зөвлөгөө авахаар дараах асуудлууд тусгагдсан юм. Үүнд:
1) Шүүхийн тогтолцоонд жендерийн мэдрэмжийг нэвтрүүлэх стратеги боловсруулах
2) Ёс зүй, жендерийн тэгш байдал, мэргэжлийн зан үйлтэй холбоотой шүүгчдийн хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх
3) Гол оролцогч талуудад жендерийн мэдрэмжийг шүүхийн тогтолцоонд нэвтрүүлсэн арга барил, туршлагын талаар танилцуулах
4) Олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хүний нөөцийг хөгжүүлэх
5) Олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд нэвтрүүлсэн арга барил, туршлагыг гол оролцогч талуудад танилцуулах
Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр 2023 оны 1-р сарын 27-ны өдрөөс 2-р сарын 3-ны өдрүүдэд Канад Улсын хоёр шүүгч болон олон улсын мэргэжилтэн Олег Шаков нар Монгол Улсад айлчилж, шүүхийн асуудлаар хуулийн байгууллагууд болон сэтгүүлч нартай уулзаж, туршлага судалсан.
Тэгвэл төслийг бодит ажил болгохтой холбоотойгоор дараагийн шатны төлөвлөгөөт ажлууд үргэлжилж байна. Төслийн багийн зөвлөхүүд энэ сарын 17-24-нд баримт бичиг боловсруулах, олон улсын бага хурал зохион байгуулах, шүүхийн байртай танилцахаар дахин Монгол Улсад айлчлаад байна.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу маргааш(2023.03.22) “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал болно. Хуралд Канад Улсын төлөөлөл, Европын холбооны төлөөлөл, хууль, шүүхийн төрийн болон төрийн бус байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцоно.
Олон Улсын бага хурлын хөтөлбөртэй танилцана уу.
Хэвлэл мэдээллийн хэлтэс