Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ажиллаж, Ёс зүйн зарчмын тайлбар боловсруулах ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор профессор Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн доктор, дэд профессор Ц.Давхарбаяр, Б.Сугар, О.Номуулин, Монгол Улсын гавьяат хуульч, ахмад шүүгч О.Зандраа, ахмад шүүгч Д.Өрнөндэлгэр, А.Доржготов, хуульч судлаач Л.Галбаатар нар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлагууд оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам ажлын хэсгийн үйл ажиллагаа, Монгол Улсын шүүхийн Ёс зүйн зарчмуудын тайлбар гарын авлагын төслийн танилцуулгыг хийсэн юм. Хатагтай Мэри Моро, ноён Марк Ричард, хатагтай Наталья Хородецки нар Канад улсын шүүхийн туршлагаас хуваалцаж, Ёс зүйн зарчмын тайлбарын төсөлд саналаа хэллээ.
Ноён Марк Ричард Ёс зүйн зарчмуудын тайлбар, гарын авлагын төслийг богино хугацаанд маш сайн боловсруулж, ажилласныг онцолж байв.
Канад улсын зөвлөхүүд өнөөдөр үдээс хойш Ёс зүйн зөвлөх хороо байгуулах ажлын хэсэгтэй уулзалт хийнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс