Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хэрэгсэл(TAIEX)-ийн хүрээнд Итали Улсын шүүгч асан, Писа дахь Шүүхийн Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл(CEPEJ)-ийн кибер шүүх ажлын хэсгийн Ерөнхийлөгч Мария Жиулиана Сивинини, Австри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Гернот Пош, Эстони Улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури нар манай улсад айлчилж байна.

 

       Европын холбооны гишүүн улсуудын шүүгч, хүндэт шүүгч, хуульчид, эрхзүйн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллийн бүрэлдэхүүн бүхий тус баг өнөөдөр(2023.03.20) Шүүхийн ерөнхий зөвлөлд зочилж,  ажлын айлчлалаа албан уулзалт, танилцуулга мэдээллээр эхэллээ. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Евгениа Фараза мөн оролцлоо.

 

 

 

     Тэд “Монгол Улсын Шүүхийн цахимжуулалт” зөвлөгөөнд оролцох бөгөөд айлчлал энэ сарын 20-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх юм. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, ЕХ-ны гишүүн улсуудын шүүхийн тогтолцооны талаар тойм мэдээлж, харилцан ярилцлага өрнүүлэв. Маргааш(2023.03.21) Шүүхийн сахилгын хороонд ажиллаж, лхагва гарагт(2023.03.22)  "Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь" сэдэвт олон улсын бага хуралд оролцож, зарим шүүхийн үйл ажиллагаатай танилцана.

 

 

 

     Ирэх долоо хоногт (2023.03.22-31) Шүүхийн ерөнхий зөвлөл болон  УДШ-д техникийн туслалцааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх болон шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх тухай Итали, Эстони, Австри Улсын туршлагаас суралцах, өөрийн орны туршлагыг хуваалцах нээлттэй ярилцлага хэлэлцүүлгүүд өрнүүлж, сургалтууд явуулахаар төлөвлөөд буй.

 

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 12 дугаар батлан хэрэгжүүлж байгаа “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхүүдийг цахимжуулахад бодлого, үйл ажиллагаагаа уялдуулахаар Европын улсуудын шүүхийн цахимжуулалтын сайн туршлага судалж, техникийн тусламж авах зорилготой энэхүү айлчлалыг зохион байгуулж байна.

 

 

 

     Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хэрэгсэл(TAIEX) нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх, дагаж мөрдүүлэх тал дээр төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Европын Холбооны шилдэг дадал, туршлагыг ижил түвшний байгууллагад хуваалцахад дэмжлэг үзүүлэх зорилготой экспертүүд юм.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс