Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах тухай ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ.
Дараа нь шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай хэлэлцсэн юм. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн захиалгын дагуу сэлгэн ажиллах хүсэлт гаргасан Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчийг сул орон тоо нөхөх хүртэл хугацаагаар, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин санал болгох тухай иргэн Л.Ганзоригийн өргөдлийг хэлэлцэж, албан бичгээр хариу өгөхөөр боллоо.
Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс шалгалтын дүнгээр нэгээр эрэмбэлэгдсэн Д.Дагмидмааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар сонгон бүртгүүлэх санал ирүүлснийг дэмжиж шийдвэрлэв.
Тамгын газрын нэршил, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, хаягийн талаарх танилцуулгыг сонссон юм. Улмаар хэвлэмэл хуудсыг одоо хэрэглэж байгаа нөөцийг дуусах үед Стандартчилал хэмжил зүйн газраас баталсан загварын дагуу хийлгэж, хэрэглэх үүрэг чиглэлийг холбогдох шүүхийн Тамгын газарт өгөхөөр боллоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс