Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өнөөдөр(2023.03.15) Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга цагдаагийн хурандаа Ж.Буянбатыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Б.Ундрах, Л.Энхбилэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа, Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Амар нар оролцов.
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ШШЕГ-аас байгууллагын үйл ажиллагаа, чиг хандлагыг танилцуулж, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Тус хуульд 11 бүлэг, 81 зүйл бүхий хүний эрх, эрх чөлөөг хангах, шинжилгээг стандартчилах, лабораторийн магадлан итгэмжлэлийг хангах, алба хаагчдын эрх зүйн байдал, баталгааг хангах зэрэг 4 чиглэлээр илүү нарийвчлан зохицуулжээ. Шинэчилсэн найруулгыг 2022 оны 12 дугаар 23-ны өдөр батлан, энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахад хоёр байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлэх нь уулзалтын гол зорилго гэдэгт харилцан санал нэгдэж, байр сууриа илэрхийлж байлаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс