Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа.

 

 

      Судалгаанаас үзвэл нийт шүүхийн хэмжээнд 105 албаны орон сууц байгаа бөгөөд эдгээр орон сууцны 16.1% нь 1960-1969 онд, 8.8% нь 1970-1979 онд, 14.1% нь 1980-1989 онд, 12.1% нь 1990-1999 онд, 23.2% нь 2000-2009 онд, 32.3% нь 2010-2023 онд ашиглалтад орсон байна. Зарим байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар “Шүүгчийг орон нутагт шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах тохиолдолд орон сууцаар хангах асуудлыг Ерөнхий зөвлөл тухайн нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох стандарт, дүрэм, журмыг батлан мөрдүүлэхээр заасан байдаг. Иймд тус журмыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн шинэчлэн баталлаа.

 

       Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Т.Болормааг томиллоо. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол болон даргын тушаалаар батлагдсан, одоо хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа журмуудыг шинэчлэн боловсруулах ажлыг 2023 оны төлөвлөгөөнд нэмж тусгав. 

 

       Өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигч Ц.Эрдэнэзууг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, нэр дэвшигч Ө.Мөнх-Эрдэнийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин санал болгохоор шийдвэрлэлээ. Харин нэр дэвшигч Л.Угтахбаярыг Өмнөговь  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин санал болгохоос татгалзаж шийдвэрлэв. Нэр дэвшигч Н.Батчимэг болон нэр дэвшигч Ц.Мөнхзул нарыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин санал болгох эсэх асуудлыг хойшлууллаа.

 

       Тус хуралдаанаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэндэд 4 сарын хугацаатай чөлөө олгохоор боллоо. Түүнчлэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон анхан шатны шүүхийн 7 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоов.

 

       Харин шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгож, буцаан ажиллуулах болон шүүгчийг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.

 

       Улсын дээд шүүхийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэр бүхий иргэний шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр олон нийтэд тарааж байгаатай холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас үнэн зөв мэдээллийг авч, нийтэд мэдээлж, холбогдох этгээдэд мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс