Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ээлжит 11 дүгээр хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

     Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж  эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2007-2019 онд баталсан зарим  журмыг хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах эсэхийг шийдсээр байна. Өнөөдрийн хуралдаанаар “Шүүх, шүүгчийн ажлыг дүгнэх журам” , “Шүүгч томилолтоор ажиллах журам”, “Шүүгч бэлтгэх сургалтын журам”-г хүчингүй болгов.  Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан зарим нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэсэн тухай мэдээллийг сонсож, шүүхийн шийдвэрийн дагуу авах арга хэмжээний талаар санал солилцов.

 

           Хуралдаанаар мөн сул орон тоог нөхөх зорилгоор  анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн нийт 55 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж,   шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тамгын газар, шүүгчдээс ирүүлсэн хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

  • Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэг шүүгч сэлгэн авч  ажиллуулах захиалга ирүүлсний дагуу нэг шүүгч хүсэлт гаргасныг  хэлэлцээд дэмжихээс татгалзав.

  • Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх нэг шүүгч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх таван шүүгч сэлгэн авч ажиллуулах  захиалга гаргасан бөгөөд  хүсэлт ирээгүй тул эдгээр шүүхэд шүүгч сэлгэн ажиллуулах эсэхийг хуралдаанаар хэлэлцээгүй.

  • Өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нэг шүүгчийн хүсэлтийг хэлэлцээд, албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.

 

      Шүүхийн ерөнхий зөвлөл Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны хүрээнд Европын холбоотой Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах чиглэлээр, Канад улсын түншлэгч байгууллагатай шүүгчийн ёс зүй, хариуцлага, шүүх олон нийттэй харилцах чиглэлээр тус тус хамтран ажиллаж байгаа билээ.

 

      Энэ хүрээнд Европын холбоотой  2023 оны гуравдугаар сарын 20-31-нд,  Канад улсын түншлэгч байгууллагатай мөн тухайн сарын 20-24-ний өдрүүдэд тус тус албан уулзалт, хэлэлцүүлэг, ОУ-ын хурал зохион байгуулахаар болсон. Тус арга хэмжээнүүдийн хөтөлбөрийн төсөлтэй зөвлөлийн гишүүд танилцав.

 

        Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд  ойн  бэлгэ тэмдэг(лого) -г шалгаруулж, батлав.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс