“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдөр боллоо. Хэлэлцүүлгийг Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулж, шүүх эрх мэдлийн 7 байгууллага дэмжин оролцсон юм.

 

https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/03/01-1024x635.jpg

 

     Энэ үеэр “Цагдаагийн байгууллагын цахимжилт-өнөөгийн байдал”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим хэргийг цахимжуулах нь”, “Прокурорын байгууллагын цахимжилт, бусад байгууллагын уялдаа”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь цахимжилт, өнөөгийн нөхцөл байдал”, “Цахимжилт ба Хүний эрх” зэрэг сэдвээр  холбогдох албан тушаалтнууд танилцуулга хүргэн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

     Хэлэлцүүлгийг нээн Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар үг хэлэв.

 

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийг цахимжуулах, цахим шүүхийг хөгжүүлэх асуудлыг хуульчилсан байдаг. Монгол Улсын шүүхийн байгууллагад 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд шүүх, шүүхийн Тамгын газарт 20 гаруй систем, программ хангамж хэрэглэгдэж байна. Гэвч эдгээр системүүд нь хоорондоо болон шүүхийн үйл ажиллагаанд оролцогч хууль сахиулах, прокурорын байгууллагын системүүдтэй уялдаа холбоо байхгүй, тайлан, мэдээ гаргах боломж хязгаарлагдмал, гар ажиллагаа их шаардагддаг, цаасан материалд суурилсан зэргээр хэрэглэгчдийн шаардлагад нийцэхгүй байгаа тул шинэчлэх хэрэгцээ байгаа талаар санал, хүсэлтүүд тогтмол гардаг. Бид асуудлаа шийдвэрлэхийн тулд өнөөдрийнх шиг хамтдаа хэлэлцэж, асуудлаа тодорхойлон уялдаа холбоотой ажиллах нь нэн тэргүүний зорилт юм” гэлээ.

 

 

     Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс