Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Э.Зоригтбаатар, Гадаад Харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар өнөөдөр ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк,  Эрх зүйн боловсролын төслийн менежер С.Бүжинлхам, төслийн зохицуулагч С.Мөнхжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

 

   

       Уулзалтын эхэнд талууд өмнөх хамтын ажиллагаа ач холбогдолтой, үр дүнтэй байсныг онцлоод цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон Гадаад Харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар 2022 онд хамтран хэрэгжүүлсэн шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслахад зориулсан Хууль хэрэглээний сургалтыг 2023 онд дахин хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд үр ашигтайгаар оролцуулах, оролцох нөхцөлийг хангах болон сургалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр Герман Улсын сайн туршлагыг судлах, газар дээр нь очиж танилцах зэрэг уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

       Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк эдгээр чиглэлээр Герман Улсын холбогдох байгууллагуудтай холбож, тухайн ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэдгээ илэрхийлэв. Мөн 2022 онд хэрэгжүүлсэн сургалтыг энэ онд үргэлжлүүлэх саналыг боломжтой эсэхийг судлаад хариу өгнө гэв.

       Талууд ажил төрлийн уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр онцгойлон анхаарахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс