Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаалын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын архивын баримтад улсын нэгдсэн тооллогыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.8 дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд эхлүүлсэн.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 15.6.3, 23 дугаар зүйлийн 23.2.5 дахь хэсэг, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Архивын баримтад 6 жилд нэгээс доошгүй удаа ээлжит тооллого явуулна” гэж заасныг үндэслэн нэгдсэн тооллогыг зохион байгуулна.
Нэгдсэн тооллогын зорилго нь шүүхийн архивын баримтын бодит тоог тогтоох, баримтад нягтлан шалгалт хийх, архивын баримтыг байнга хадгалах, түр хадгалах, 70 жил хадгалахаар ялгаж хадгалах хугацааг тогтоох, тооллогын үр дүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зэрэг юм.
Нэгдсэн тооллогын ажлыг мэргэжил арга зүйгээр хангах үүднээс сургалт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Шүүхийн тусгай архив Архивын ерөнхий газартай хамтран 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, архивч, шүүхийн захиргааны нийт 98 албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар Архивын ерөнхий газрын Цахим арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Долгормаа, Архивын баримтын тоо бүртгэл, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Л.Өнөртуяа нар Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүй, Архивын баримтад нэгдсэн тооллого явуулах арга зүй сэдвийн хүрээнд тус тус удирдан явуулж, холбогдох хууль, журмын талаар нэмэлт мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцсоноор сургалт амжилттай өндөрлөлөө.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ