Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр (2023.02.16) болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт гаргасан хоёр шүүгчийн хүсэлтийг хэлэлцээд дэмжихээс татгалзав. Учир нь хүсэлт ирүүлсэн хоёр шүүгчийн нэг нь Ерөнхий шүүгч байсан тул татгалзлаа, нөгөөх нь одоо ажиллаж байгаа шүүх нь ачаалал өндөртэй учраас сэлгэн ажиллах хүсэлтийг нь дэмжсэнгүй.
Мөн хуралдаанаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нэг шүүгчийн хүсэлтийг хэлэлцээд, албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.
Түүнчлэн хоёр шүүгчээс чөлөө олгох тухай хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, ирүүлсэн баримтыг харгалзан нэг шүүгчид гурван сарын хугацаагаар чөлөө олгохоор шийдвэрлэлээ.
Ээлжит хуралдаанаар шүүгчийн шилжин ажиллах хүсэлтийг хэлэлцэв. Шүүгчийн шилжин ажиллах хүсэлтийг шийдвэрлэх зохицуулалт хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй тул нэр бүхий шүүгчдийн хүсэлтэд хариу өгөхөөр шийдвэрлэв. Цаашид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь заалтын хэрэглээ, шүүгчийг шилжүүлэн томилох хуулийн зохицуулалтыг тодорхой болгох, шилжих үндэслэл, шалгуурын асуудлыг судлан, санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Шүүхийн хүний нөөцөөр хангах чиг үүргийн хороонд даалгалаа.
Мөн шүүхийн захиргааны болон ахмад ажилтныг Монгол Улсын цол, төрийн одон медалиар шагнуулах тухай хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.
Дараа нь нэр бүхий хоёр шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүх болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөтэй тус тус танилцлаа.
Харин “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороо болон зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд хойшлуулсан юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс